1045
 
 

26 ДАХЬ УДААГИЙН ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯР БОЛНО

Үндэсний номын баяр энэ сарын 14,15-нд Сүхбаатарын талбайд болно. Уг баяр нь "Номын соёлт ертөнц" ТББ-ын санаачилгаар жилд хоёр удаа 5-р сард “Улаанбаатар номын баяр”, 9-р сард “Үндэсний номын баяр” нэртэйгээр зохион байгуулагддаг.
Ерөнхийлөгчийн зарлигаар 2012 оноос хойш Намрын номын баяр үндэсний баяр болон өргөжиж, улс орон даяар зохион байгуулагдах болсон.
 "Номын соёлт ертөнц" ТББ-ын тэргүүн Б. Сувд “Энэ жилийн онцлогийн тухайд М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дэд захирал С.Ф.Дмитренко, тус сургуулийн Хүүхдийн зохиолын семинарын удирдагч багш, нэрт зохиолч А.П.Торопцев нар хүрэлцэн ирнэ. Айлчлалыг "Номын соёлт ертөнц" ТББ, Монголын Орчуулагчдын Эвлэл, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран зохион байгуулна.” гэв.
Мөн цаашлаад авьяаслаг залуу уран бүтээлчид М.Горькийн сургуульд 3 сарын мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт хамрагдах боломжийн талаар талууд хамтран тохиролцох аж. Энэ үеэр М.Горькийн сургуулийн үе үеийн монгол төгсөгчдийн уулзалт, их дээд сургуулиудад илтгэл тавих, зохиолчидтой тусгай уулзалт хийх гэх мэт сонирхолтой арга хэмжээнүүд зохиогдоно. "Номын соёлт ертөнц" ТББ-ын зүгээс утга зохиол суралцах хүсэлтэй залуу зохиолчдыг бүртгэж, ирэх хавар хүртэл бэлдэж, шалгаруулалтаар 10 уран бүтээлчийг (зохиолч, яруу найрагч, шүүмжлэгч, жүжгийн зохиолч, хүүхдийн зохиолч) мэргэжил дээшлүүлэх дамжаанд аман орчуулагчийн хамт явуулах зорилготой гэлээ.