1045
 
 

Монгол, Солонгос найзуудын нөхөрлөлөөр бүтсэн гэрэл зургийн үзэсгэлэн

Тусгал клубийн гишүүн Ч.Ганжавхлан

Зургийн нэр: Говийн намар

“Ай мөн сайхан даа. Санаа алдмаар сайхан говийн намар. Говь нутаг яг үнэндээ Намар цагт л хамгийн сайхан байдаг. Энэ зургийг харах үед нэг үйл явдал санаанд бууж байна. 2011 онд Солонгос зурагчин найзтайгаа Дүнгэнээгийн амаар явах үедээ ам ангайж сэтгэл баясаад “Ямар гоё юм бэ? Уултай, устай энд л майхнаа шидье.” гэж түүнд хэлсэн юм. Тэгтэл тэр мэл гайхаж “Энд майхан барих байсан юм бол юу гэж Монголд ирэхэв дээ. Ийм газар Солонгост олон бий. Хэдхэн километр яваад л юу ч үгүй тал биднийг хүлээж байна шүү дээ.” гэлээ. Яг тэгэхэд л би гаднын хүмүүс манай улсын юунд нь дурлаж ирээд байна вэ? гэдгийг сайн бодох хэрэгтэйг ойлгож билээ. Хорвоогийн бүх стресс, дэмий зүйлс, шуналыг таягдан хаяж зүгээр л уртаар санаа алдмаар, хараад л суугаад баймаар Говийн намар…”

2008 он

Солонгосын гэрэл зурагчин Pyo Hyoun Jun /Sean Pyo/, Тусгал гэрэл зургийн клубийн Б.Батбилэг, Ч.Ганжавхлан нарын хамтарсан “Horizon flows through the people” гэрэл зургийн үзэсгэлэн 9-р сарын 8,9-ны өдрүүдэд Монголын Урчуудын эвлэлийн “SENGERAGI Mongolian art gallery”-д дэлгэгдэж байна.Солонгос зурагчин Sean Pyo “Би 2011 онд Жавхаа гэх монгол залуутай уулзсан. Түүнээс хойш би 8 жилийн хугацаанд 12 удаа монголд ирж ихэнх аймаг, сумдаар нь аялсан. Эхлээд зүгээр л найзуудын аялал байсан бол яваандаа аяллын том багтай болтлоо өргөжсөн. Эхлээд монголын байгалийн сайханд нь дурласан бол дараа нь монгол хүн, нүүдэлчин амьдралын хэв маяг, онцлогт илүү гүн гүнзгий татагдах болсон. Дээр нь маш олон монгол найзуудтай болсон. Энэ л миний монголд дахин дахин ирэх шалтгаан болсон.” гэлээ.

Үзэсгэлэнгийн гол утга учир нь “холбоос” буюу хүн болоод байгалийн холбоос, нөхөрлөлийг тухай өгүүлсэн.

Мөн Sean Pyo-той хамт Монгол орноор аяласан аялагч хэлэхдээ “Би анх 20 насандаа монголд аялахаар ирж байлаа. Миний 20–30 насны аялал, амьдралын томоохон орон зайг монгол орон эзэлдэг. Энэ тал нутгийн байгаль, амьдрал ахуй миний амьдралд олон зүйлийг ойлгуулж, бүр эргэлтийн цэг болсон ч гэж хэлж болно. Монголын хөдөө би завгүй амьдралаас хэв маягаас холдож, маш сайхан зүйлийг мэдэрдэг.” хэмээв.

Sean Pyo зурагчин нэмж хэлэхдээ “Миний хувьд монгол хүмүүс хичнээн гайхалтай улсад амьдарч байгаагаа мэддэггүй юм шиг санагддаг. Үзэсгэлэнгийн эхний өдөр би монгол хүмүүст монголыг тайлбарласан. Энэ улсыг гаднын хүний нүдээр харах нь надад сонирхолтой байсан. Түүнчлэн монголын тухай ихэнх гадаад жуулчдын авсан зургуудыг харахаар дээр үеийн амьдрал, соёл уламжлалыг голчлон харуулсан байдаг. Гэхдээ монголын байгальд орчин үеийн онцлогтой шинж чанарууд их бий. Тэрний нэгэн илрэл нь хүмүүс юм. Тийнхүү би солонгос, монгол хүмүүсийг гол дүрээ болгож, тэднийг амилуулах гэж хичээсэн.” гэв.

Энэхүү үзэсгэлэнг 2020 онд тохиох Монгол, Солонгос хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан Сөүл хотод гаргах юм байна. Цаашид бүр ном болон хэвлэгдэх сурагтай…

Энэ үзэсгэлэнгийн гол мөн чанар нь Монгол Солонгос найзуудын нөхөрлөл ажээ.

Дараа дахин ирээрэй, найзууд минь.