1045
 
 

БАЯН-ӨНДӨР УУЛНЫ МОДНЫ ХОЖУУЛЫГ ЦЭВЭРЛЭХ АЖИЛ ХИЙЛЭЭ

Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас хамтран, дүйцүүлэн хамгааллын менежментийн төлөвлөгөөний дагуу өнгөрсөн хавар Баян-Өндөр уулын Хүрэнбулаг амны 1.6 га талбайг эзэлсэн 120 гаруй өгөршсөн хожуулыг цэвэрлэх ажил зохион байгуулсан.
Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх модны өмхөрсөн хожуулыг техникийн хүчээр сугалж, Баян-Өндөр уул орчмын талбайг цэвэрлэх ажил энэ сарын 10-наас дахин эхэлж, тав хоногийн турш үргэлжиллээ.
Модны үлдсэн хожуул шинээр ургаж буй зулзаган моднуудад саад болдог. Шинээр ургаж буй бяцхан модод ойролцоо ургаж буй бусад ургамлуудаас шим тэжээл авдаг. Харин энэхүү үйл явцыг модны орхигдож үлдсэн хожуул саатуулснаар модны ургалтыг удаашруулдаг байна. Мөн хожуул нь цох, төрөл бүрийн өт, шоргоолж зэрэг хортон шавжны өсөх, үржих нөхцөлийг хангадаг гол гэр нь болдог. Манай оронд жилд ойролцоогоор 101.1 мян. га талбайн ой мод хөнөөлт шавьжид өртөж, ойн сангийн нөөц багасах томоохон шалтгаануудын нэг болсоор байна. Жилд Монгол оронд 50-80 мян.га талбайн модыг огтолж нүцгэлснээр зөвхөн хожуулууд л үлддэг. Тэгэхээр хожуул олшрох тусам шинэ модод ургах, хөрсийг нөхөн сэргээх боломжийг хааж байна гэсэн үг.
Дээрх шалтгаанууд дээр үндэслэн тус цэвэрлэгээний ажил хийгдэж байна. Цэвэрлэсэн талбайд намрын мод тарилтыг зохион байгуулах юм. Модны хаягдал хожуулыг Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аж ахуйн хашаанд буулгаж, иргэдийн хэрэгцээнд ашиглахаар шийдвэрлэжээ.