1045
 
 

АВТО МАШИНГҮЙ, СТРЕССГҮЙ АМРАЛТЫН ӨДӨР

Нийслэлийн засаг дарга 2019 оны А/932 дугаар “Цэвэр агаартай-Автомашингүй өдөр” зохион байгуулах тухай захирамж гаргасан. Тийнхүү 2019 оны есдүгээр сарын 14-ний 07:00-18:00 цагийн хооронд автомашингүй өдөр болж өнгөрсөн.
Өчигдөр төв зам дагуу хаашаа л ямар ч машингүй, дугуй унасан залуус, ээж аавынхаа гараас хөтөлсөн бяцхан үрс алхаж байлаа. Цаг агаар ч сайхан байв. Төв замаар алхаж явахдаа сэтгүүлч миний бие хүмүүсийн сэтгэгдлийг сонсож явлаа.
23 настай эрэгтэй: “Монгол гэр бүлүүдийг харахаар гишүүн тус бүр нь  нэг машинтай болчихсон юм шиг санагддаг. Гэхдээ миний хувьд дотроо нэг л сайн машинтай байвал дээр байх гэж боддог. Тэгээд болж өгвөл хотын төвөөрөө алхах юмуу дугуй унаад явбал түгжрэл буурах байх даа.”
Охиноо дагуулан явсан ээж: “Авто машингүй өдөр амралтын өдөр таардаг болохоор аль болох гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөдөг. Ер нь түгжрэлгүй байвал ажилдаа ч цагтаа очоод стрессгүй байх юм байна.”
Залуу гэр бүлийн төлөөлөл: “Улаанбаатарын нөхцөлд бага насны хүүхэдтэй гэр бүлүүд Очоод цаг өнгөрөөх газар маш дутмаг. Заавал мөнгө төлж байж л цагаа өнгөрөөх аргагүй байдаг нь залуу гэр бүлүүдийн санхүүд хүндрэл учруулдаг. Гадаадын орнуудад бол ядаж нийтийн цэцэрлэгт хүрээлэнд очоод амарч болно.”
Үүнээс харахад түгжрэл л энэ хотын хүмүүсийг их бухимдуулдаг байна. Хэрэв түгжрэлгүй бас нийтийн амралтын газар, хүүхдийн тоглох талбай, чөлөөт цагаа өнгөрөөх газар цөөн байгаа нь залуу гэр бүлүүдэд асуудалтай болж байгаа аж.