1045
 
 

АЯЛАНГАА ХИЧЭЭЛЭЭ ХИЙЖ БАЙНА

Байгаль экологийн мэдлэгийг баяжуулах зорилгоор Орхон аймгийн ЕБС-ын сурагчдад   Эко аялал-Орон нутаг судлалын хичээл ордог. Судлалын нэгэн хэсэг болох аяллын хүрээнд сурагчид анги хамт олноороо тодорхой маршрутын дагуу явж хичээл дээр заагдсан зүйлсээ бодитоор харан байгаль дээр турших боломж бүрддэг байна. Эко-Аяллын үед хүүхдүүд Байгаль дэлхийгээ хайрлах, багш нартаа дуулгавартай байх, анги хамт олноороо цэвэр агаарт хөгжилтэй сонирхолтой цагийг өнгөрүүлэх зэрэг олон эерэг нөлөөлөл бий болдог юм. 
Энэ талаарх мэдээллийг Орхон аймгийн Нэгдүгээр сургуулийн захирал Б.Өлзийжаргалаас тодрууллаа. 
“Нэгдүгээр сургуулийн Эко аялал-Орон нутаг судлал интеграц хичээлийг өнөөдөр зохион байгуулж байна. Яг одоо Амарын талбайгаас Амар гэж хэн юм бэ? Эрдэнэтийн овоо дуу бүтсэн түүх гэсэн хоёр агуулга хичээл ойлгоод сурагчид Эрдэнэтийн овоо дуугаа дуулаад гараандаа гарлаа. Энэ удаа бид хичээлийг явган аялал хэлбэрээр нэг талдаа тав орчим километр нийт арван километрт зохион байгуулах гэж байна. Эндээс гараад наадмын талбай, Сархиа уул, Монгол ёс заншлын цогцолбор хүрнэ. Монгол ёс заншлын цогцолборт үндсэн гол хичээлүүд явагдана. Мөн үйлдвэрлэлийн технологи болон тухайн орчны судалбар зурагтай танилцаж хөрсний дээж авч, ургамлын цуглуулга хийнэ. Нийт найман бүлгийн зуун дөч гаруй хүүхэд хамрагдаж байна. Мэргэжлийн хичээл заадаг багш болон хариуцсан менежер, нийгмийн ажилтан, эмч, биеийн тамирын багш нарын бүрэлдэхүүнтэй.” гэлээ. 
Боловсрол нь зөвхөн унших, бичих, бодож сэтгэх чадварыг эзэмших явдал биш юм. Харин боловсрол олгох гэдэг нь байгаль дэлхийгээ хайрлах, хайртай хүмүүсээ хүндэтгэх, бусдаас суралцаж, бусдыг ойлгодог байх хувь хүний хандлагыг хөгжүүлэх арга хэлбэр билээ. Эко-аялал цогц хичээл нь сурагчдад эдгээр боловсролыг олгоход сонирхолтой, хөгжилтэй, эрүүл мэндэд хэрэгтэй хэлбэрээр томоохон мэдлэг олгодог байна.