1045
 
 

9 САРЫН 28-НЫ ӨДРИЙГ “ГАЛЗУУ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ” ӨДӨР БОЛГОН ЗАРЛАЖЭЭ

ДЭМБ-ын тодорхойлсноор галзуу өвчин нь дэлхийд эдийн засагт учруулах хохирлоороо эхний тавд ордог, нутагшмал, өвчилсөн тохиолдолд эмчилгээгүй аюултай өвчин юм. Галзуу өвчин дэлхийн 150 гаруй улс оронд тархсанаас 99% нь Ази, Африкийн онуудад бүртгэгддэг ба энэ өвчний улсаас жилд 55000 гаруй хүн нас барж, 1 сая шахам мал, амьтан үхэж хорогдон, галзуу өвчний эрсдэлд өртсөний улмаас жилд 15 сая хүн өртөлтийн дараах вакцинд хамрагддаг. Өвчлөгчдийн 40-50% нь 5-15 насны хүүхдүүд эзэлж, хүйсийн хувьд эрэгтэй давамгайлан өвчилдөг.
Иймд ДЭМБ-аас жил 9-р сарын 28-ны өдрийг “Галзуу өвчинтэй тэмцэх” өдөр болгон зарлаж дэлхий нийтээрээ энэ өвчнөөс сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлдэг ба Хөвсгөл аймгийн тухайд “Галзуу өвчинтэй тэмцэх” өдрийн арга хэмжээг 2010 оноос эхэлж зохион байгуулж ирсэн.
“Галзуу өвчин бол төв мэдрэлийн системийг гэмтээдэг. Монгол улсад 1950 оноос галзуу өвчнийг хянаж, бүртгэлжүүлж, мэдээлж эхэлсэн бөгөөд сүүлийн 20 жилийн судалгаагаар Монгол улсын хэмжээнд 21 аймгийн 28 сум, дүүрэг мал, амьтны галзуугийн өвчлөл бүртгэгдсэн. 1972-2013 онд 12 аймгийн 26 сум, дүүрэг галзуу өвчний хүний өвчлөлийн 36 тохиолдол Монгол улсад, 10-30% нь Хөвсгөл аймагт бүртгэгдсэн. Хөвсгөл аймагт 2000-2018 оны судалгааны дүнгээр нийт 17 суманд галзуу нийт 592 тохиолдол бүртгэгдсэн ба малын өвчлөл Баянзүрх, Цагаан-Уул, Цэцэрлэг сумдад хамгийн өндөр бүртгэгдсэн бол Цагаан-Уул, Галт, Тариалан, Тосонцэнгэл сумдад амьтны өвчлөл өвчлөл хамгийн их бүртгэгдэж байна. Мал амьтны нийт өвчлөлийн 77%-ийг малын өвчлөл эзэлж, үлдсэн 33% нь амьтны өвчлөл, зэрлэг амьтны өвчлөлийн 59% нь үнэгний өвчлөл эзэлж байна. Хөвсгөл аймгийн галзуугийн байгалийн голомт нь 2-3 жилийн үечлэлтэйгээр үнэг, чоно, дорго зэрэг махчин амьтдын орооны үетэй давхцан 3-4 сард идэвхжлийн оргил үедээ хүрч 6-р сарын дунд үеэс намжин 10 сард дагавар эпизоот явагдаж байна. Галзуу өвчин мэдрэг үнэг, чоно, дорго зэрэг махчин амьтад Хөвсгөл аймгийн ихэнх нутагт тархан байршиж галзуугийн голомтын үндсэн гол агуулагч болж улмаар гэрийн тэжээмэл амьтан нохой, малд халдварыг дамжуулан хүн өртөх эрсдэлийг нөхцөлдүүлдэг. Галзуугаар өвчилсөн мал, амьтны улиралчлалын хугацаатай давхцан галзуу өвчний агуулагч болох гэрийн болон зэрлэг амьтанд уруулж, ноцуулсан эрсдэлтэй тохиолдол 3-5 сард хамгийн их бүртгэгддэг. Хөвсгөл аймгийн хувьд галзуугийн эрсдэлд өртсөн тохиолдлуудын эрсдэлийн эх уурхайн 93,3% -ийг нохой, 4.0 %-ийг таван хошуу мал, 1.7%-ийг чоно эзэлж байна”
Галзуу өвчин ямар өвчин вэ?
Галзуу өвчин нь вирусээр үүсгэдэг, төв мэдрэлийн тогтолцоог сонгомолоор гэмтээдэг мал, амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчин юм.
Энэ өвчинд бүх насны хүмүүс өртөх эрсдэлтэй. Манай улсад идэр насны эрэгтэйчүүд, хүүхдүүд илүү өртдөг.
Галзуу өвчний их уурхай нь зэрлэг болон гэрийн тэжээмэл амьтад /үнэг, цөөвөр чоно, хярс, сарьсан багваахай таван хошуу мал, нохой, муур, гахай гм/
Галзуу өвчин дамжихдаа өвчний үүсгэгч вирус нь өвчилсөн амьтны шүлсэнд агуулагдаж хүний биед гэмтсэн арьс салстын бүрхүүлээр дамжин орж, мэдрэлийн ширхгээр тархаж, төв мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг. Өвчний нууц үе нь 12-90 хоног. Цөөн тохиолдолд 1 жил үргэлжилдэг ба нууц үеийн хугацаа нь харилцан адилгүй байх нь шархны их бага болон байрлалаас хамаарна.
Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд:
1.      Хэрэв тэжээвэр амьтан /нохой муур, мал/ зэрлэг амьтанд хазуулж уруулсан бол мал эмнэлгийн мэргэжилтэнд яаралтай хандах
2.      Өөрийн тэжээж буй нохойнхоо зан аашинд гарч байгаа өөрчлөлтыг ажиглаж байх. Хүнд халдсан нохой бүрийг мал эмнэлгийн хяналтад 14 хоног байлгаж ажиглах
3.      Нохой, муураа өдрийн цагаар уяж байх, урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах
4.      Сумын засаг дарга, багийн Засаг дарга нар өөрийн харьяа нутаг дэвсгэртээ эзэнгүй золбин нохой, муурыг устгах ажлыг зохион байгуулах
5.      Хэрвээ галзуугийн сэжигтэй амьтанд уруулсан, ноцуулсан тохиолдолд
-          Шархыг савантай усаар 5 минутын турш сайтар угаах
-          Эмнэлэгт яаралтай хандаж эмнэлгийн тусламж авах
-          Хазуулсны дараа, вакцин заавал хийлгэх шаардлагатай /вакциныг хөдөө орон нутагт сумын эмнэлэгт, аймагт бол Зоонозын өвчин судлах төвд / үзүүлнэ.
6.      Галзуугийн эсрэг вакцин нь тодорхой схемийн дагуу хийгддэг тул ард иргэд эмчийн товлосон хугацаанд дархлаажуулалтад бүрэн хамрагдаж, вакцины тунг бүрэн авах
Галзуугийн сэжигтэй мал амьтанд уруулж ноцуулсан үед цаг алдалгүй яаралтай эмнэлгийн тусламж авсан тохиолдолд уг өвчнөөс сэргийлэх боломжтой. Харин өвчилсөн тохиолдолд эмчлэх, эдгэрэх боломжгүй аюултай өвчин.
ДЭМБ-аас галзуу өвчнөөс сэргийлэх гол арга хэмжээ нь галзуу өвчний вирус тээгч амьтанд уруулж, ноцуулахгүй байх, хэрэв уруулж ноцуулсан тохиолдол бүрд галзуу өвчнөөс сэргийлэх вакцинд заавал хамрагдах шаардлагатай гэдгийг зөвлөж байна.