1045
 
 

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ БОЛ АМЬДРАЛЫН ДҮРЭМ

Замын хөдөлгөөнийг цагдаагийн ажилтан болон гэрлэн дохио, тэмдэгтээр зохицуулдаг. Гэтэл бодит амьдрал дээр жолоочид дур дураараа зорчиж буй байдал түгээмэл гардаг.
Цагдаагийн байгууллага нэгэнт үүссэн гэмт хэрэг зөрчил дээр ажиллахаас гадна иргэдэд зам тээврийн ослын хор уршгийг таниулж, олон нийтийн ойлголт хандлагыг өөрчлөх хөдөлгөөн, уриалга гарган ажилладаг. Түүний нэг нь “Дураараа биш дүрмээрээ” аян юм.
Энэхүү аяны талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Х.Хатанбаатар хэлэхдээ “Есдүгээр сараас эхлэн ард иргэд хөдөө орон нутагт аялж зугаалж байгаад хотод ирэхтэй зэрэгцэн замын хөдөлгөөний нягтшил ихэсдэг. Замын хөдөлгөөний эд ачааллын үед ихэнх жолооч “Би урдуур нь орчихлоо, самбаачиллаа” гээд дураараа явж эхэлдэг. Нэг ёсондоо урсгал сөрж давхиад 10, 20 машины урд орж зогсож байгаа нь ажиглагддаг. Гэтэл дүрмэндээ ийм юм огт байхгүй. Тиймээс жолоочид соёлтой, дүрмээ бариад явчихвал хэн хэндээ саад болохгүй, осол аваар ч буурна.” гэлээ.
Жолооч та замын ачаалалтай хэсэгт өөрийн автомашинаа түр болон удаан хугацаагаар зогсоож, орхиж явбал эгнээ гарц, уулзвар хаагдаж түгжрэл үүсэх шалтгаан болдог байна. Тийм учраас эгнээндээ зорчих, урсгал сөрөхгүй байх, замын хөдөлгөөн хааж машины тавихгүй байх гэх мэт дүрмээ баримтлан явах ёстой.
Монгол улсад тээврийн хэрэгслийн тоо жил бүр тогтмол өсөж, сүүлийн 10 жилд дөрөв дахин нэмэгдэж, одоогоор 840 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгджээ. Тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхийн хажуугаар жил бүр ослын тоо хэмжээ нэмэгдэж байгаа тоон үзүүлэлт бий. Жилд 45 мянга орчим осол гардгаас 200 гаруй хүүхэд гэмтэж, 70 гаруй хүүхэд амь насаа алддаг аж. Эдгээр ослын дийлэнх хувь жолоочийн буруутай үйлдлээс үүдэн гардаг байна.