1045
 
 

БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН 40 ЖИЛИЙН ОЙ ЭНЭ ОНД ТОХИОЖ БАЙНА

Багануур дүүрэгт боловсролын байгууллага үүсч хөгжсөний түүхт 40 жилийн ой энэ хичээлийн жилд тохиож байна. Тус ойн арга хэмжээг зохион байгуулахаар дүүргийн засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаад бэлтгэл ажилдаа ороод байна.  Бэлтгэл ажлын хүрээнд энэ сарын 1-ны өдрөөс ирэх сарын нэгний өдөр хүртэл ойг угтаж  16 бүтээлч ажлыг хийхээр төлөвлөжээ. Энэ талаар дүүргийн Засаг даргын орлогч Т.Отгонболдоос тодрууллаа.
Бид 40 жилийн ойн хүрээнд нэлээдгүй олон ажлыг төлөвлөн хийж байгаа. Жишээлбэл: Боловсролын салбарт ажиллаж байгаа ажилтан, алба хаагчдаа дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтарч “Эрт илрүүлгийн” үзлэгт хамруулан ажиллаж байна. Багш нар ачаалалтай ажилладаг учраас тэр бүр эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж чаддаггүй учраас  үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулан ажиллаж байна. Энэ үзлэгт элэгний В,С вирус үнэгүй тоолох болон бусад үзлэг шинжилгээнд хамрагдсан байгаа. Багш нарын бага хурлыг зохион байгуулж дууссан. Цаашдаа бид одоо ажиллаж байгаа багш нараас хандив цуглуулах ажлыг зохион байгуулна. 
 Багануур дүүргийн боловсролын салбарт 800 орчим хүн ажилладаг.  Дүүргийн хэмжээнд 40 жилийн хугацаанд тус салбарт 7000 гаруй хүн суралцаж төгссөн байдаг. Тийм учраас төгсөгч болгон ойн арга хэмжээндээ идэвхи санаачлагатай оролцох ёстойг ажлын хэсгээс уриалж байлаа. Ойг угтаж төгсөгчдийн хандивлагчдын уулзалтыг  эн сарын 14-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөөд байна. Мөн төгсөгчдийн дунд спортын арга хэмжээнүүдийг ирэх сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна.