1045
 
 

БАГАНУУР ТОХИЖИЛТ АХМАД АЖИЛТНЫХАА НИЙГМИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Багануур тохижилт ОНӨААТҮГазар нь 2018 оны зөвлөлийн хурлаар ахмад ажилтан, сахиул Н.Санжсандагийн орон гэрийн асуудлыг шийдвэрлэх талаар ярилцжээ. Өнгөрсөн жил тус хамт олон барилгын рамыг барьж эхэлсэн. Харин энэ жил барилгыг бүрэн дуусгаж хүлээлгэж өглөө. 
Энэ талаар Багануур тохижилт ОНӨААТҮГазрын Захирал Д.Батнасан хэлэхдээ “Н.Санжсандаг гуай 2007 оноос хойш 12 дахь жилдээ манай байгууллагад ажиллаж байна. Мөн 10 гаруй жилийн өмнө орон гэр нь шатаж олон жил түрээсийн гэрт амьдарч байсан юм. Энэ байшинг бид байгууллагаасаа хоёр сая гаруй төгрөг, мөн хамт олны хандив ,хуримтлал, үйлдвэрчний хороо гээд  нийтдээ дөрвөн сая гаруй төгрөгийн зардлаар босгосон юм. Мөн дээрээс нь машин тэрэг, хүн хүч гаргаж хоёр жил ажилласны үр дүнд байшин босож энэ хүмүүс амьдрах ая тухтай гэртэй боллоо.” гэлээ.
Тус хамт олон нь хамтын гэрээндээ ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах орчныг сайжруулах зорилтуудын хүрээнд хоёр жил зүтгэж энэ асуудлыг шийдвэрлэсэн байна. Багануур тохижилт ОНӨААТҮГазар нь таван хэсэгтэй юм. Н.Санжсандаг гуайн хувьд “Тохижилт” хэсэгт хамрагддаг бөгөөд тус хэсэг нь энэхүү барилгын ажлыг хариуцаж ажилчид нь барьж дуусгажээ.