1045
 
 

СУИС-ИЙН БАГШ НАРЫН БАЯР БОЛНО

Өнөөдөр Соёлын Урлагийн Их Сургуулийн багш нарын баярын өдөр болж буйтай холбож тус сургуулийг зорилоо. Өнөөдрийн баярын арга хэмжээндээ зориулаад хувцсаа бага зэрэг солиод ирсэн чинь оюутнууд“Багш аа та ёстой сайхан харагдаж байна. баярт явах гэж байгаа юм уу. Багшдаа баяр хүргэе!” гэдэг үг хэлэхэд дотроо их баярласан шүү гэх багш бол Англи хэлний багш Ө.Байгалмаа юм. 
Тэрээр өөрийнхөө тухай товч өгүүлэхдээ “Би 2006 онд Хүмүүнлэгийн их сургуулийг багш мэргэжлээр төгсөж, түүнээс хойш СУИС-д Англи хэлний багшаар ажиллаж байна. Багшийн мэргэжлийг сонгоход манай аав их нөлөөлсөн. Аав минь физик, математикийн багш байсан. Хичээлээ сонирхолтой байдлаар заадаг, чадварлаг багш байлаа. Тиймээс л би багаасаа л багш болохоор шийдвэр гаргасан байсан. Би оюутнуудад зөвхөн Англи хэлний мэдлэг өгөхөөс гадна биеэ зөв авч явах, хүмүүжилтэй хүн байхыг зааж сургахыг хичээн ажилладаг. Оюутнууд надад маш их эрч хүч өгдөг. Тэднээс суралцах зүйл ч их байдаг.” гэлээ.
Монголын багш нарын 53 дахь баяр энэ баасан гарагт тохиох юм. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн долоо хоногт ахмад багш нарын “Дурсамж уулзалт” хүндэтгэлийн арга хэмжээг Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам, Монголын ахмад багш нарын холбоо зохион байгуулан 30 мянга гаруй ахмад багш нарын төлөөлөл болгож 1000 ахмад багш оролцуулжээ.
Монголын булан бүрт ажиллаж амьдарч, гавьяаныхаа амралтыг эдэлж буй эрхэм хүндэт  багш сурган хүмүүжүүлэгчдээ багш нарын баярын мэнд хүргэе!