1045
 
 

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ЦАХИМ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулж, нөөц бүрдүүлэх зорилготой төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэл эхэллээ. Уг шалгалтыг төрийн байгууллагад ажиллах хүсэлтэй иргэн бүр өгсөн байх зайлшгүй шаардлагатай юм. Төрийн албаны шалгалт нь ерөнхий болон тусгай гэсэн хоёр шаттай. Ерөнхий шалгалтад тэнцсэн иргэд гурван жилийн хугацаанд төрийн албаны нөөцөд бүртгэлтэй байж энэ хугацаанд зарлагдсан ажлын байранд өрсөлдөх тусгай шалгалтад оролцох эрхтэй.
      Шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 15 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журам”-д заасны дагуу зохион байгуулна. 
Шалгалтын талаар Орхон аймгийн засаг даргын тамгын газрын төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Шагдарын Ганболд “Шалгалтын бүртгэл 2019 оны Аравдугаар 1-30-ны өдөр хүртэл явагдана. Шалгалт бол 2019 оны Арван нэгдүгээр сарын 11-25-ны өдөр хүртэл явагдахаар товлогдсон. Болзлын хувьд Монгол улсын иргэн байх, дээд боловсролтой байх, авилга албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгэл хүлээж байгаагүй байх, сэтгэцийн өвчин эмгэггүй байх, цэргийн алба хаасан байх, тухайн орон нутагт төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй байх, тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй байх, төрийн албанд эргэж орох эрхгүйгээр хугацаа зааж халсан бол уг хугацаа дууссан байх, эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээр нийтийн албанд ажиллах эрх хасах ял шийтгүүлсэн бол уг хугацаа мөн дууссан байх гэсэн болзлыг хангасан иргэн бүртгүүлнэ.” гэлээ.
Шалгалтад бүртгүүлэх иргэд материалаа сканердаж цахим орчинд хаанаас ч бүртгэлээ хийх боломжтой. Мөн сканер байхгүй иргэдэд зориулж Орхон аймгийн засаг даргын тамгын газрын нэг цонхны үйлчилгээнд бүртгэл хийх хэсэг гаргасан байна. Бүртгүүлэхэд бүрдүүлэх бичиг баримтуудыг дурдвал:
Шалгалтад бүртгүүлэхээр гаргасан хүсэлт:
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын түвшин тодорхойлсон баримт бичиг
- Иргэний үнэмлэх
- “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг
- Шалгалтын үйлчилгээний зардал төлсөн баримт
- Цэргийн алба хаасан тухай баримт бичиг
- Хөгжлийн бэрхшээлтэй бол энэ тухай нотолсон баримт зэрэг юм.