1045
 
 

ХУУЛЬ БУС ЗАР СУРТАЛЧИЛГАА ИРГЭДИЙГ ТӨӨРӨГДҮҮЛЖ БАЙНА

Телевиз радио сонин сэтгүүлээр эрүүл мэнд, согтууруулах ундааны талаар хууль бус зар сурталчилгаанууд их явах болсон. Энэ нь иргэдийг төөрөгдүүлэн  хохироож байна. Үүнтэй холбогдуулан ШӨХТГ-аас хэвлэл мэдээллийн байгууллагуудтай уулзаж зөвлөмж өгөн ажиллаж байна. Тус газар нь зар сурталчилгааны хуульд заасны дагуу хуулиар хориглосон, өрсөлдөөнд харш зар сурталчилгаанд хяналт тавих чиг үүрэгтэй ажилладаг. Зар сурталчилгааны тухай хуульд хатуулаг багатай дарс, шар айраг, шимийн архины зар сурталчилгааг сонин , сэтгүүл, фм радио, телевиз, интернетээр хэрхэн түгээх талаар тодорхой заасан байдаг. Харин 18 хувиас дээш этилийн спирт агуулсан ямар ч төрлийн согтууруулах ундааг сурталчлахыг хориглодог ажээ. Энэ талаар ШӨХТГ-ын албаны дарга Батцэцэгээс тодрууллаа.
Зар сурталчилгааны тухай хуульд хууль бус зар явуулахыг хориглосон байдаг. Сүүлийн үед эм эмнэлгийн хэрэгсэлтэй зар эмнэлгийн байгууллагаар хянуулахгүй хэвлэл мэдээллээр явуулж байгаа нь иргэдийг төөрөгдүүлж байна. Энэ эмийг уувал өвчин чинь 100 хувь эдгэрнэ, манай эмнэлэг хямдралтай үйлчилгээ үзүүлж байна гэсэн зарууд хууль бус юм. Иргэд ийм сурталчилгаанд хууртагдаж болохгүй.
Зар сурталчилгааны тухай хуульд орон нутгийн цагаар 22 цагаас 6 цаг хүртэл 18 хувь хүртэл этилийн спирт агуулсан дарс, шар айраг, шимийн архины сурталчилгааг явуулж болдог ажээ. Харин бусад тохиолдолд радио телевизээр нэвтрүүлэхийг хориглодог байна. 22 цагаас хойш нэвтрүүлж байгаа 18 хувь хүртэл этилийн спирт агуулсан бүтээгдэхүүний сурталчилгаанд харагдахуйц байдалтай “Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой” гэсэн санамжийг заавал бичих ёстой ажээ. ШӨХТГ-аас телевизүүдэд зөвлөмж хүргүүлэн ажилласнаар энэ төрлийн зөрчил багасжээ. Харин эм био бэлдмэлийн талаарх зар сурталчилгааг явуулахдаа захиалагч талаас манай улсад бүртгэлтэй эсэх талаарх албан бичгийг заавал үзэх ёстой ажээ. Шалгаж үзэлгүйгээр нэвтрүүлсэн тохиолдолд тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл хариуцлага хүлээх юм байна.