1045
 
 

ТАНЫ ХҮҮХДИЙГ ТАНИХГҮЙ ХҮН ХҮМҮҮЖҮҮЛЖ БАЙНА

Монголын харилцаа холбооны зохицуулах хорооноос 2018 онд хийгдсэн судалгаагаар Монгол улсад интернет хэрэглэгчдийн тоо сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 40 хувиар өсч, 2,1 сая хэрэглэгчтэй болжээ. Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг болон интернет орчинд үйлдэгдэж буй төрлийн гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй гарчээ. Тухайлбал 2017 онд 299, оны эхний хагас жилийн байдлаар 279 бүртгэгдсэн нь тав дахин өссөн үзүүлэлттэй байна. Гэмт хэргийн шалтгаан нь цахим орчныг ашиглан бусдыг залилах, хүүхэд залуучуудыг садар самуунд уруу татах, хүчирхийлэлд өдөөн турхирах, гутаан доромжлох зэрэг зөрчлүүд зонхилж байгаа юм. Иймд ЦЕГ-аас цахим орчин дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  “Unfriend хөдөлгөөн” –ийг   зохион байгуулж эхэллээ. Энэ талаар ЦЕГ-ын кибер гэмт хэрэгтэй тэмцэх эрүүгийн төлөөлөгч, хошууч  Дөлгөөнөөс тодрууллаа.
Сүүлийн үед цахим орчин дахь гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа. Иймд цагдаагийн байгууллагаас орон даяар кибер гэмт хэрэгтэй тэмцэх хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна. Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2018 оны төлөвлөгөөний хүрээнд нийслэл хотын хэмжээнд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгаа юм. Долоон хүүхэд тутмын нэгд нь садар самуунтай холбоотой мэссэж хүлээн авч байна.
Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг нийслэл хотод дийлэнх хувь нь үйлдэгдэж байгаа юм. Энэхүү аяны зорилго нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсөлтийг бууруулах, өсвөр насны хүүхдүүдийг цахим гэмт хэрэгт өртөхөөс хамгаалах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа ажээ. Арга хэмжээний хүрээнд 700 орчим ЕБС-д энэ талаарх мэдээлэл хүргэгдэж,   Төрийн ордонд томоохон хэлэлцүүлэг зохион байгуулагдах юм байна.