1045
 
 

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД СУРГАЛТ ХИЙНЭ

Аравдугаар сарын 11-нд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ар гэрийнхэнд төрийн үйлчилгээг хамтдаа хүргэе” нэртэй уулзалт Аймгийн Хүний эрхийн үндэсний комисс, Аймгийн нэгдсэн эмнэлэг, Аймгийн цагдаагийн ерөнхий газрууд хамтран зохион байгуулна.
Олон улсад хүний хөгжлийн бэрхшээлийг хөдөлмөрийн чадвар алдах, хандикал буюу бие эрхтний согог болон хөдөлмөрлөх чадваргүйн улмаас нийгмийн амьдралд оролцох оролцоо хязгаарлагдах байдлыг хэлдэг юм байна.
Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх гэж хууль тогтоомжоор баталгаажуулсан тусгай эрх байдаггүй. Харин ч ийм тусгай эрхтэй мэтээр ойлгож, ярих нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмээс тусгаарлах үзэл хандлагыг улам бүр дэврээх уршигтай ажээ. Хүмүүс өөрийн мэдэлгүйгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлан гадуурхах хандлага гаргадаг байна.
Энэ талаар мэдээллийг Сүхбаатар аймаг дахь Хүний  эрхийн комиссын ажилтан Референт Х.Наранцэцэг “Монгол Улс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцод нэгдэн орсон энэ үүргийнхээ хүрээнд дотоодын хууль тогтоомжоороо тухайн иргэдийн эрхийг баталгаажуулсан. Бид энэ хууль тогтоомжийг батлах, хэрэгжүүлэх хоёр өөр хэрэг. Ялангуяа хөдөө орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжийн асуудал онцгойлон анхаарал татдаг. Наад зах нь эдгээр иргэд төрийн үйлчилгээ авах хэрэгцээ гарах үед үйлчилгээний байгууллагын шатнаас эхлүүлээд зориулалтын нал уургатай стандартын зам байдаггүй. Зам хөндлөн гарах үед дуут дохио, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулагдсан мэдрэгчтэй зам нь ч бас төдийлөн байдаггүй. Эдгээр орчны хүртээмжид асуудал маш их тулгардаг. Магадгүй энэ нь ар гэрийнхэнд нь хүндрэл учруулдаг байж болзошгүй. Үүнтэй холбоотой ямар асуудал байгааг ар гэрийнхэнтэй нь уулзаж яаж шийдвэрлэх, нийгмийн орчинг хүртээмжтэй байлгах талаар ойлголтууд өгөхөөр төлөвлөж байна.” гэв.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тухай конвенцод хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бусадтай адил тэгш эрхтэйг баталгаажуулжээ.