1045
 
 

“НАЛАЙХЫН НАМАР-2019“ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийслэлийн түүхт 380 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы санаачилгаар "НАЛАЙХЫН НАМАР-2019" өдөрлөг зохион байгуулагдлаа. Энэ талаар Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Д.Одонтуяагаас тодруулав.
Нийслэлийн түүхт 380 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж буй "НАЛАЙХЫН НАМАР-2019" өдөрлөгт Үндэсний урлагийн их театр болон нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож иргэдэд зориулж бүрэн хэмжээний тоглолтоо толилууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ: "Наран ургах зүгийн Налайх нутгийнхаа иргэд та бүхэндээ алтан шар нар нээсэн намрын налгар сайхан өдрийн мэнд дэвшүүлье. Энэ онд улсын нийслэлийн маань түүхт 380 жилийн ой тохиож байна. Түүхт ойгоо элдэв янзын бэлэг сэлт, эрээвэр хураавар зүйлийг бие биедээ дурсгахаас илүүтэй түүх соёлоо дээдэлсэн, ёс уламжлалаа хөгжүүлсэн, үндэсний өв соёлоороо бахархах ажлуудыг өрнүүлж байна. Тийм ч учраас намрын шар нар ээсэн налгар энэ сайхан өдөр төрийн байгууллагууд иргэддээ үйлчлэх, мэдээллээр хангах, иргэд олон нийтийнхээ оролцоог хангах, урлаг уран сайхнаар дамжуулан өв соёл бахархлаа дээдлэх зорилгоор энэ үйл ажиллагааг зохион байгуулж байна. ХҮН ОРЧИНТОЙ ТӨЛӨВЛӨЛТ-өөр хамтдаа нийслэлийнхээ, дүүргийнхээ хөгжил цэцэглэлтийн төлөө урагшилцгаая." гэв. Налайх дүүргийн төр захиргааны, хувийн хэвшлийн болон, төрийн бус байгууллагууд дүүргийн төв талбайд нээлттэй өдөрлөг зохион байгуулж, иргэддээ төрийн үйлчилгээг хүргэж ажилласан юм.
Энэ үеэр Налайх дүүргийн төр захиргааны, хувийн хэвшлийн болон, төрийн бус байгууллагууд нээлттэй өдөрлөг зохион байгуулж үйл ажиллагаагаа танилцууллаа. Үүнээс гадна дүүргийн төв зам талбайг хааж нийслэл хотоос ирсэн хоол, хүнсний буфет байгууллагууд Налайхчууддаа үйлчилсэн.