1045
 
 

ЛААНЫ ҮЙЛДВЭР НОМЫН ТУХАЙ

Монгол улс гэрэлтэй байна уу?

Монголын нийгэм хар бараан байна, болж бүтэх юм нэг ч алга гэж ярих хүн цөөнгүй. Гэхдээ харах өнцгөө жаахан өөрчлөөд үзвэл энэ хотоор дүүрэн өөдрөг, гэгээлэг хүмүүс бий. Өдөр бүр сонирхолтой үйл явдлууд болж, залуус нэг нэгнээсээ суралцаж, бусдад тусалж, шинэ зүйлс сэдэж, асуудалтай нүүр тулж, гарц шийдэл эрэлхийлж байдаг.

Тиймдээ ч жил гарны өмнө нийгэмд гэрэл гэгээ нэмэх зорилгоор Bright MongoliaТББ-ын гишүүд "Лааны үйлдвэр" нэртэй ном гаргажээ.

Номыг сэтгэл зүйч, сэтгүүлч, эдийн засагч, монгол хэлний багш, архитектор, зураглаач гээд өөр өөр мэргэжилтэй хүмүүс бичсэн нь онцлог болов. Сэдвийн хувьд хайр дурлал, аялал, гэр бүл зэргийг хөндсөн нь бүх насны хүн уншихад тохиромжтой санагдсан. Гэхдээ өгүүлэмж нь 25 аас доош насны залууст илүү хүрэх байх.

ТББ-ын гишүүн С.Энхжин "Та энэ номыг уншиж олон гэгээлэг хүний ертөнцөөр зугаалж, тэдний дурсамж, мэдрэмж, бодлуудаас халааслаарай." гэсэн юм.

Лааны үйлдвэр танд бодол эргэцүүлэлд автах чөлөө өгнө...

Харин нэгэн уншигч сэтгэгдэл хуваалцахдаа "Уншихад богино, энгийн санагдсан. Хамгийн гоё шүлгийг энгийн үгээр бичдэг гэдэг дээ. Яг л тийм ном. Энэ номыг яг их сургуулиа төгсөх гээд хэцүү бас ачаалалтай байх үедээ уншсан. Тэр үед надад найз болсон доо. Номын бичвэрийг нэг нэгээр нь уншиж суухад сэтгэл санаа их дээрдэж билээ." гэв.

Bright Mongolia ТББ нь 2015 оны Гуравдугаар сард үүсгэн байгуулагджээ. Тэдний өмнө нь хийж байсан онцлох ажлын нэг нь сар тутмын тогтмол Be Bright уулзалт юм. Уг уулзалтаар хэрхэн Англи хэл сурах, санхүүгээ удирдах, мэргэжлээ зөв сонгох гэхчлэн өнөөгийн нийгмийн залууст эрэл хэрэгцээтэй сэдвийг хөнджээ.

Тэдний үйл ажиллагаа нь ашгийн бус бөгөөд олсон бүх мөнгөөрөө дараа дараагийн ажлуудаа зохион байгуулдаг байна.

Заримдаа хүнд, зузаан ном уншмааргүй. Зүгээр л гэеүрч суух үе байдаг даа. Тийм үедээ үүнийг уншаарай.

Энэ ном танд аз жаргал, гэгээлэг бүхнийг бэлэглэх буйзаа.