1045
 
 

SELF-PUBLISHING UB НЭЭГДЛЭЭ

Та ном бичих хүсэлтэй юу?
Ном гэхээр л маш олон хүн “Би яаж ном бичих юм бэ?” гэж боддог. За тэгвэл “Ном” гэдэг үгийг нь аваад хаячихъя. Та ямар нэгэн зүйл бичих дуртай нэгэн байж болно. Өөрийн дотоод дуу хоолой, өнгө аяс, мэдрэмжээ шингээж анхны бүтээлээ гаргамаар байвал танд дуулгах сайхан мэдээ байна.
Багшийн дээдийн автобусны буудлын хажууд “Аз-хур”-тай байрны хоёр давхарт номонд хайртай, бичих хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй “SELF PUBLISHING UB” газар нээгдлээ. Тэнд ажлын цагаар өглөөнөөс орой хүртэл сууж номоо бичиж, ижил сонирхолтой хүмүүстэй ярилцаж, нэг нэгнээсээ суралцаж болох юм байна.
Уг газрыг номоор холбогдсон нөхөд болох зохиолч Ч.Ганжавхлан, лектор Г.Мөнгөн, зохиолч Todko Samson нар санаачилжээ. Лектор Г.Мөнгөн “Хадгаламж өлсөхөөс эхэлнэ” ном гаргасан бол Ч.Ганжавхлангийн хувьд “Боорцог ба сарнай”, “Автуус ба амьдрал”, “8км 400м”, Todko Samson “Вангийн нулимс”, “Харь хэлээр яригсад”, “Дээд айл”, “Миний хайрт, миний хуримын гэрч” номыг бичсэн юм.
Г.Мөнгөн хэлэхдээ “Бид тус бүртээ бүтээлээ гаргасан хүмүүсийн хувьд яг бидэнтэй адилхан хэвлэмэл байдлаар бүтээл гаргахыг зорьж буй залуучуудаа дэмжихээр ийм байгууллага байгуулсан. Ном гэдэг үгнээс айгаад байгаа бол бидэнтэй нэгдээрэй. Энд ирж эхний алхмаа хийгээрэй.” гэлээ.
Self-publishing гэдэг нь тогтсон хэвлэлийн байгууллагын оролцоогүйгээр зохиолч өөрөө ном гаргахыг хэлнэ. Уламжлалт хэвлэлийн загварыг бодвол зохиолч номоо бичихээс эхлээд загвар, үнэ, түгээлт, маркетинг хүртэл бүхий л үйл явцад өөрөө гар бие оролцдог юм.
Таны гаргах ном зузаан, нимгэн, зурагтай, зураггүй, хоолны тухай, хувцасны тухай гээд ер нь ямар ч байж болно. Та заавал сэтгүүлч, яруу найрагч, зохиолч байх албагүй. Харин гагцхүү санаа болоод санаагаа бодит болгох хөдөлмөр л хэрэгтэй.
Зорилгогүйгээс зорилго төрдөг гэдэг шиг анх ямар ч ном бичих санаагүй цахим орчинд блог бичиж байгаад ном гаргасан хүмүүс ч их байдаг. Олон алдартай зохиолч хэрэв зохиолч болохыг хүсвэл уншаад л бай, бичээд л бай гэдэг юм шүү.
Та SELF PUBLISHING UB-д тавтай морил!

1045