1045
 
 

“МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ТҮҮХ” НОМ МЭНДЭЛЛЭЭ

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Түүхийн тэнхим болон Степпе паблишинг хамтран “Монголын эзэнт гүрний түүх” төслийг хэрэгжүүлж, таван боть бүтээл эрхлэн гаргажээ. Энэ таван ботиор Их Монгол улс, Юань гүрэн болоод Зүчи, Цагаадай, Ил хаант улсуудын улс төр, нийгмийн байгуулал, эдийн засаг, соёлын түүхийг цогцоор нь нэгтгэн харуулахыг зорьжээ.
Уг номын тухай Степпе паблишинг үүсгэн байгуулагч Г.Баттогтох мэдээлэл өглөө. 
“Энэ таван боть ном бүтэхэд 20 гаруй хүн оролцсон. Үндсэндээ ном эмхтгэхэд хоёр жил орчим хугацаа орсон боловч энэ бүтээлийг бичихэд 20, 30 жилийн судалгааны ажил, хөдөлмөр орсон болов уу гэж бодож байна. Төрийн байгууллага, судалгааны байгууллага, хувийн хэвлэлийн компани хамтарч гаргасан ийм хэмжээний бүтээл Монголд тоотой байх. Тиймдээ ч түүхийн судалгааны салбар, эрдэм судлалын салбарт шинэ ажил боллоо. Мэдээж өмнө нь судлаачид, өөр бусад байгууллага ийм төрлийн ном, судалгааны ажил гаргаж байсан. Гэхдээ сурвалж судалгааны олон хэлтэй эрдэмтэд нэг баг болж ажилласан нь энэ бүтээлийн онцлог юм. Тухайлбал Араб, Перс, Орос, Англи, Хятадаар уншдаг судлаачид Монголын түүхийг анхдагч эх сурвалжаас нь судалж, тэр хэлнээс нь ашигласан. Дээр нь монгол хүний нүдээр, монгол төвтэй утга агуулгаар гаргасан нь онцлог гэдгийг хэлэх нь зүйтэй.”
Зөвхөн түүх сонирхогчид гэлтгүй Монгол хүн бүрийн унших хэрэгтэй ном хэмээн зөвлөмөөр байна. Ном хэвлэлтээс гараад 10 гаруй хонож байгаа ч гарсан даруйд нь залуучууд их уншиж байгаа гэдгийг зохиолч, судлаачид хэлж байлаа. 
Түүх бол үндэстний ой санамж, сэрэхүй билээ. Энэ бүтээлээс түүхээ харахын сацуу судлаачид Монголын эзэнт гүрний түүхийн сурвалж бичгүүдтэй танилцаж, уран бүтээлчид ч гэсэн санаа сэдэл авч үндэсний хэмжээний дэлгэцийн, тайзны туурвил бүтээл гаргаж болох юм.
Номын нээлт Аравдугаар сарын 18 нд 11 цагаас МУИС-ийн шинэ номын сангийн 502 тоотод болно. Нээлтийн үеэр номын хямдралтай худалдаа болно. Мөн төслийн багийнхантай танилцах цаг бий. 
Тус төслийн удирдагч, МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор П.Дэлгэржаргал багш энэ бүтээлийн үндсэн санаа болоод түүхийн судалгаанд гарч буй сургалт, онол арга зүйн чиг хандлагын талаар лекц тавих ажээ.