1045
 
 

САМАР ТҮҮХ ЗӨВШӨӨРЛИЙГ ИРЭХ САРААС ӨГНӨ

Жил бүрийн өдийд гудамж, талбай  хаа сайгүй хуш модны самар буюу түүхий боргоцойг иргэд гар дээрээсээ худалдаалж  эхэлдэг. Гэтэл энэ цаг үед самрын болц бүрэн болоогүй түүхий буюу дөнгөж ургаж байдаг аж. 2015 онд батлагдсан шинэ журамд иргэд самрыг  аравдугаар сарын 15-наас хойш дараа сарынхаа 3-р сар хүртэл түүх боломжтой гэж заажээ.  Ингэхдээ нэг иргэн хэрэглээндээ 25 кг цайруулсан самар түүх боломжтой юм. Мөн самар түүх зөвшөөрлийн хуудсыг харьяа дүүргээсээ авах ажээ. Харин  үйлдвэрлэлийн журмаар самрыг олборлох бол их ургацтай тодорхой бүсэд зөвшөөрөл олгож байгаа юм. Учир нь аравдугаар сард самрын болц бүрэн болдгоос гадна ойн түймэр гарахаас сэргийлж ийнхүү дээрх хугацааг тогтоожээ. Энэ талаар Нийслэлийн МХГ-ын байгаль орчны хяналтын улсын байцаагч Сонин-Эрдэнээс тодрууллаа.
Түүхий болц нь гүйцээгүй боргоцой нь мөчрөөс салж унахад бэрхшээлтэй учир  ишийг мунаар хүчтэй цохиж, мөчрийг хугалж байж авдаг. Энэ нь  хуш модны гол иш, титмийг гэмтээдэг. Мөн гүйцэд болоогүй самар нь давирхай ихтэй байдаг учраас нян, вирус, бохирдлыг амархан татаж, халдварт өвчин тараах нөхцөл болдог тул эрүүл ахуйн хувьд тохиромжгүй юм.
Манай улсын хувьд самрыг гадагш  экспортлохыг зөвшөөрдөг.  Ингэхдээ хуулийн дагуу боловсруулалт хийсэн байх  ёстой гэсэн шаардлагыг тавьдаг байна. Хэрэв самрыг журамд заасан хугацаанаас өмнө түүвэл  байгаль орчны тухай хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авах юм.