1045
 
 

ДЭЛХИЙН СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР ТОХИОЛОО

Дэлхий даяар сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг жил бүрийн Аравдугаар сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил манай улс 20 дахь удаагаа тэмдэглэлээ.
2019 онд амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх амь аврах “40 секундийн үйлдэл”-д хамтдаа нэгдэцгээе уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэ талаар мэдээллийг аймгийн ЭМГ-ийн халдварт бус өвчний тандалт, сэргийлэлт хариуцсан мэргэжилтэн Ц.Ууганжаргал хэлэхдээ “Дэлхий дахинаа 40 секунд тутам нэг хүн амиа хорлож, жил бүр нэг сая хүн амиа хорлож нас бардаг ба үүнээс 20 дахин их буюу жилд 20 сая хүн амиа хорлох оролдлого хийж байна гэсэн тоон судалгаа байдаг. Амиа хорлох үйлдэл нь нийгэм болон хувь хүнд олон сая долларын хохирол учрах төдийгүй нийгэм, сэтгэлзүйн хохирлыг хэмжих боломжгүй байдаг. Нэг хүн амиа хорлоход хамгийн багадаа зургаан хүн сэтгэлийн гэмтэл авдаг бол сургууль, ажлын байран дээр амиа хорлох тохиолдолд хэдэн зуун хүн сэтгэлийн цочролд өртөж, сэтгэлийн гэмтэл авч удаан хугацааны туршид сөрөг нөлөө үзүүлдэг. ДЭМБ-ын мэдээлснээр залуучуудын нас баралтын тэргүүлэх 3 шалтгааны нэгт амиа хорлолт орж байна. Ялангуяа 15-29 насныхны нас баралтын тэргүүлэх шалтгааны 2 дугаарт жагсаж байна.” гэлээ.
Нийт амиа хорлосон тохиолдлын 79% нь бага, дунд орлоготой орнуудад тохиолдож байна Ялангуяа хөгжиж буй орон Монгол улсын хэмжээнд анхаарал татсан асуудал бол амиа хорлох гэсэн асуудал юм. Тиймээс иргэд та бүхэн өсвөр залуучуудаа анхаарах, стрессээ зөв тайлж сурах хэрэгтэйг зөвлөж байна.
Манай улсад төдийгүй дэлхийн олон оронд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг боловч нотолгоонд суурилан цаг алдалгүй урьдчилан сэргийлэх боломжтой. Азийн орнууд болон манай улсад ихэвчлэн сэтгэл хөдлөлийн шалтгаан болох гэр бүлийн хүчин зүйл, хувь хүний сэтгэлзүйн шинж чанар, эрүүл мэндийн байдал, хүмүүс хоорондын харилцаа, нийгмийн хүчин зүйлийн нөлөөгөөр амиа хорлох нь элбэг байдаг. Энэ нь амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх боломж байгааг харуулж байгаа юм. Иймд энэ жилийн 10 сарын 10-ны өдрийг амиа хорлохоос урьдчилан сэргийлэх, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих боловсрол олгох, зөв зан үйл эрхэмлэхийг уриаллаа.