1045
 
 

ХАЛ ЦЭРГҮҮД ХОНГОР НУТАГТАА ИРЛЭЭ

Баянхонгор аймгаас 2018 оны Хоёрдугаар ээлжийн цэргийн жинхэнэ албанд татагдан Өмнөговь аймгийн Овоотын хилийн цэргийн 0166-р ангид алба хаасан цэргүүд халагдан ирлээ. Хугацаат цэргийн албаа нэр төртэй хаасан эдгээр цэргүүдийг Аймгийн удирдлагууд болон гэр бүлийнхэн нь тосож угтсан юм. МУ-ын үндсэн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж цэргийн албаа амжилттай сайн хааж ирсэн цэргүүдийг ажлын байранд зуучлах,хүссэн мэргэжлээрээ сурч боловсрох нөхцөлөөр хангах боломжтой гэдгийг холбогдох байгууллагуудын удирдлагууд онцолж байлаа.
Энэ талаар Баянхонгор аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Цэргийн штабын дарга, хурандаа Б.Энхбаатар хэлэхдээ “Халагдсан цэргүүдийг угтаж авах үйл ажиллагаа зохион байгуулж байна. Ингэхдээ Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, бусад ажил олгогч байгууллагууд болон Политехник коллежийн удирдлагууд бид хамтран ажлын байранд зуучлах,  мэргэжил олгох сургалтад хамруулах зэрэг бүртгэлийн ажлуудыг хийж сургалт мэдээллээр ханган ажиллалаа. Мөн ЭМД болон НД-ын дэвтэр дээр  шилжилт хөдөлгөөнийг хийж өгч аймгийн Засаг даргын дурсамж хадгалуулан хугацаат цэргийн албан хаагчдаа албан ёсоор эцэг эхэд нь хүлээлгэн өгөх зэрэг ажил арга хэмжээг зохион байгуулж байна.” гэлээ.
Цэргийн жинхэнэ албанд мордсон эдгээр цэргүүдээс таван алба хаагч эх орон, хилийн манаанд үргэлжлүүлэн алба хаан, хил хамгаалах их үйлсэд хүчин зүтгэхээр  болжээ.