1045
 
 

ИРГЭН ТӨВТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ

МУЗГ-аас 2019 оныг иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан 2016-2020 оны хооронд төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа хэрхэн сайжруулсан талаарх нээлттэй өдөрлөг болсон. Өнгөрөгч баасан гарагт  Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын төлөөлөл оролцсон юм. Үүний нэг нь Орхон Аймгийн Нийгмийн Даатгалын Хэлтэс байсан бөгөөд өдөрлөгт  хууль тогтоомжийн өөрчлөлтүүдийг иргэдэд сурталчлах, иргэдээс нийгмийн даатгалын сэтгэл ханамжийн судалгааг авах, үйл ажиллагаагаа сурталчлах зорилгоор оролцжээ. 
Иргэд нийгмийн даатгалын багц хуультай холбоотой мэдээлэл зөвлөгөө, тэтгэвэр тогтооход хэрэгтэй материал, нийгмийн даатгалын чанар хүртээмжийн судалгаанд оролцжээ. 
Энэ талаар ОА-ийн нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээний тасгийн дарга Д.Нармандах хэлэхдээ “Манай байгууллага 2016 онд бүх байцаагчдаа бэлтгээд, 2017 онд  сургаж чадваржуулаад 2018 оны Хоёрдугаар сараас эхлэн нэг цэгийн үйлчилгээг иргэддээ нэвтрүүлсэн. Ингэж ажилласнаар багагүй үр дүн гарсан. Хуучин бид өөр өөрийн хариуцсан ажлаа л хийдэг, иргэн нийгмийн даатгалын байгууллагаар үйлчлүүлэхийн тулд олон байцаагчтай уулзах шаардлагатай байсан бол одоо үйлчилгээний залаанд арван байцаагч сууж байхад өөрийн авсан дугаараар байцаагч дээр бүх төрлийн үйлчилгээг нэг цэгээс авдаг болсон.” гэлээ.
“Нийгмийн даатгалын төлөөлөгч” төсөл хөтөлбөр 2017 оноос хэрэгжиж үр дүнтэй болж байна. Энэ нь нийгмийн даатгалын төлөөлөгч нар ажлын байран дээрээ байх бус иргэдэд очиж үзүүлэх үйлчилгээ юм.  Мөн шуудан үйлчилгээтэй холбогдон өндөр насны тэтгэвэрт гарах иргэдэд бүрдүүлэх материал, заавар зөвлөгөө зэргийг шуудангаар хүргэн ажиллаж байгаа аж.