1045
 
 

ЭРДЭНЭТ ХОТ ШАХМАЛ ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭНЭ

Эрдэнэт хотод 2017 онд агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгаа явуулсан. Уг судалгааны үр дүнд аймгийн хэмжээнд 13 мянга орчим гал түлдэг суурин эх үүсвэр бүртгэгджээ. Үүнээс гэрийн ердийн зуух 4253, гэрийн сайжруулсан зуух 468, байшингийн ердийн зуух 480, байшингийн сайжруулсан зуух 1417, ханан пийшин 6403, нам даралтын зуух 164 байгааг тогтоосон юм. Эрдэнэт хотын агаарын бохирдлын хэмжээ нийслэл Улаанбаатарын хэмжээнд очоогүй ч цаашид автомашин болон утаат цэгийн тоо нэмэгдвэл өвөлдөө агаарын бохирдол улам нэмэгдэх билээ.  
            Эрдэнэт хот Нэгдүгээр сарын дунд үед агаарын бохирдол хамгийн дээд цэгтээ хүрдэг. 2015 онд агаарт агуулагдах азотын давхар исэл байх ёстой хэмжээнээс 1.7 дахин, 2016 онд 1.4 дахин давжээ.
            Иймд цаашид агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй түлш үйлдвэрлэх зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн Дулааны цахилгаан станцыг түшиглэн ОХУ-ын “PMI sysmems” компанитай хамтран хэрэгжүүлэхээр туршилтын ажил хийгдэж байна. 
           Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут болон бусад албаны хүмүүс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Дулааны цахилгаан станцын удирдлагууд болон ОХУ-ын “PMI sysmems” компанийн инженер, шахмал түлшний үйлдвэрийн патент эзэмшигч нартай уулзлаа. 
            Туршилтын журмаар анхны бүтээгдэхүүнийг гаргаж эхэлсэн бөгөөд 14 хоногийн дотор технологийн туршилтыг дуусган 100 шуудайг үйлдвэрлэн Орхон аймгийн зарим нэг айл өрхийг сонгон ханан пийшин, төслийн зуух, энгийн зуух, нам даралтын зуух гэх мэт төрөл бүрийн зуухыг сонгон бодит байдал дээр туршиж үзэх юм. 
            Энэхүү шахам түлшний онцлог нь барьцалдуулагч бодисгүй байх, ямар ч төрлийн зууханд шатдаг байх, агаар бохирдуулдаг утаа бага байх тал дээр анхааран ажиллаж байна. Цаашид Эрдэнэт хотын түлшний хэрэгцээг бүрэн хангах үйлдвэр ашиглалтад орох юм.