1045
 
 

САЙН ҮЙЛСИЙН ТӨЛӨӨ ЗУРГААН КИЛОМЕТРТ ГҮЙЛЭЭ

1045

Гэр бүлийн радио 104.5 нь 2019 оны Аравдугаар сарын 19-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Өөрийгөө ялж, өрөөлийг тэтгэе” уриатай сайн үйлсийн марафон гүйлт зохион байгууллаа.
            Өвлийн хүйтэн наашилж байна. Гадаа хүйтэн, цас бороотой ч ихэнх нь гэр бүлээрээ ирсэн байлаа. Оролцогчдын дунд хүүхдээ тэврээд гүйсэн аав, мөн “Би зүгээр л өөрийгөө ялах гэж ирсэн юм.” гэх хөгжлийн бэрхшээлтэй залуу ч байсан. Яг үүнийг харахад зохион байгуулж буй радиогийн ажилчид сэтгэл зүрхэндээ дулаацан зогссон билээ.
Хэдэн зуун хүнийг хамруулсан гүйлт байгаагүй л дээ. Гүйлтэд 60 орчим хүн бидэнтэй нэгдсэн. Гэхдээ энэ чамлахаар тоо биш. Түүний цаана өөрийн биеэр оролцож амжаагүй ч сэтгэл зүрхээрээ бидэнтэй нэгдэж, сайн үйлсийн нэг хэсэг болсон зуу зуун хүн бий.
Тэргүүн байрын эзэн Гандуулга “Би UB Hiking Club-ийн гишүүн. Уг нь өнөө өглөө алхах санаатай ирсэн ч энэ хавьд бөөн хүн цугласан байхыг хараад марафон гүйлтэд өөрийгөө сорихоор үздэг юм уу гээд л гүйсэн. Зорилгыг нь сонсоод сэтгэлээрээ ч болов сайн үйлсийн аянд нэгдэхээр болсон юм.” гэв.

1045

Харин “Дүрэмгүй хонх” хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгч хүүхэд хэлэхдээ “Зургаан километр гүйх нь гоё санагдсан. Би ээжийнхээ төлөө гүйсэн. Ээж минь өргөмжлөл аваасай гэсэндээ бүтэн нэг тойрог зам туулсан. Ер нь гүйвэл ханиад хүрэхгүй, давхар эрүүл мэндэд сайн.” гэлээ. 

1045

Харин Байнгын сонсогч Саянсувд “Би танай радиогийн өглөө, өдөр, оройны бүх хөтөлбөрийг сонсдог. Энэ санаачилгыг сонсоод шууд л дэмжих хүсэл төрсөн. Би эх хүн. Тиймдээ ч зорилтот бүлгийн хүүхдүүдэд туслах аянд нэгдэхийн хажуугаар анх удаа марафон гүйлтэд орж үзэж байна. Зургаан километр газар гэдэг эхлээд амархан санагдсан ч салхи сөрөөд гүйхэд хүнд байсан. Ямартай ч өөрийгөө ялж, бариандаа орсондоо баяртай байна.” гэж хэллээ. Түүний ямар аз жаргалтай гүйж байгааг доор зургаас харж болно.
Бид эхний 10 байрт таван том хүн, таван хүүхэд шалгаруулж гарын бэлэг, өргөмжлөл гардуулсан. Гэхдээ тэр өдөр гүйсэн хүн бүр ялагч байсан гэдгийг хэлмээр байна. Хэдийгээр гадаа хүйтэн байсан ч цаг зав, нойроо хумслан өглөө эрт ирнэ гэдэг яахын аргагүй зориулалт билээ.Таны үйлдэл бяцхан хүүхдүүдийг дулаан өвөлжихөд нь тус дэм болсон шүү.
Манай марафон гүйлтийн онцлог нь том шагнал, эд мөнгөний төлөө биш харин хэн нэгний төлөө байснаараа онцлогтой. Тодруулбал гүйлтийн хураамжийн мөнгө, хамтран ажилладаг байгууллагуудын дэмжлэгээр зорилтот бүлгийн 10 айлын өвлийн гурван сарын түлшний хэрэгцээг хангахаар болсон.
Бяцхан хүүхдүүдэд туслах нь гүйгчдийн бариа байлаа. Ийнхүү таны сэтгэлийн дулаанаар зорилтот бүлгийн арван айлын жар гаруй хүүхэд даарч зутрахгүй дулаахан өвөлжих боломжтой боллоо.