1045
 
 

ХӨВСГӨЛ НУУР УС ЧАНАРЫН ХЯНАЛТЫН ЛАБОРАТОРТОЙ БОЛЛОО

2017 оноос Азийн хөгжлийн банкны төсөл хэрэгжиж гурван жилийн туршид Хөвсгөл нууранд усны чанарын судалгаа хийгдэж байсан. Үүний хүрээнд нуурын усны хими, хөрсний гүний бохирдол, агаарын чанарын хэмжилт зэрэг есөн удаагийн хээрийн судалгаа хийж, арга зүй боловсруулах, мэдээллийн дата бааз бүрдүүлэх ажил хийжээ. 
Төслийн хугацаа дуусахад төсөлд хэрэглэгдэж байсан тоног төхөөрөмжийг Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн харьяа Хөвсгөл нуур судлалын өртөөний дэргэд “Усны чанарын хяналтын лаборатори” болгон хүлээлгэн өгсөн. 
Энэ талаар Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн дарга Г.Адьяасүрэн хэлэхдээ “2008 онд Хатгалд нуур судлалын станц байгуулагдсан. Үүнээс хойш багаж тоног төхөөрөмж дутагдалтайгаас болоод иж бүрэн судалгаан хийж чадахгүй байсан. Өнгөрсөн гурван жилийн судалгааны ажлын дүнгээс харвал нуурын ус зарим газарт дээж авсан цэгт цэгэн бохирдол илэрч байсан тохиолдол бий. Манай судалгааны ажлаар Ханх, Хатгалын цэгээс дээж авсан шинжилгээгээр нуур бохирдоогүй цэвэр гэсэн ангилалд багтдаг юм. Гэхдээ нуур тойроод маш олон жуулчны бааз байгуулагдаж байна, бохирын систем, нойлын асуудал хүндрэлтэй. Түүнээс гадна үүргэвчтэй аялагчид хаа хамаагүй майхан бариад буучихдаг, нуур тойрсон мал их олширч буй нь энэ бүхэн нуур бохирдуулах нөлөө үзүүлж байна.” гэлээ.
Хөвсгөл нуурын ус чанарын хяналтын лаборатори нь сар тутмын зургаан цэгийн дээжийн шинжилгээ хийж байна. Дараагийн улирлын шинжилгээ гурван сард 20 гаруй цэгээс дээж авахаар төлөвлөгдсөн ба шинжилгээ судалгааны үр дүнг интернет орчинд нээлттэй байршуулах аж.