1045
 
 

17 ТОНН САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ ХАНДИВЛАЛАА

1045

Гэр бүлийн радио 104.5-ын санаачилгаар сонсогч нарынхаа хандив, "Таван Толгой Түлш" ХХК-ийн дэмжлэгээр зорилтот бүлгийн айлуудад 17 тонн сайжруулсан шахмал түлш, хоол хүнсний материал тараалаа.
Жил бүрийн өвөл радиогийн уран бүтээлчид нийгэм рүү хандсан сайн үйлсийн аян зохион байгуулдаг билээ. Энэ жил сайжруулсан түлштэй холбоотойгоор “Бяцхан гар танаар дутна” уриатай аян хийж байна. Бид олон хүүхэдтэй, өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдардаг зорилтот бүлгийн айлуудыг сонгосон юм.
Тэдний нэгэн төлөөлөх болох БЗД-ийн Хоёрдугаар хорооны Гуравдугаар хэсгийн иргэн Д.Мөнх-Отгоны гэр бүлийн сэтгэгдлээс уншигч тантай хуваалцъя:
“Манайх олон хүүхэдтэй айл. Өнгөрсөн жил 192 мянган төгрөгөөр 60 шуудай нүүрс авахад нэг сар гаруй хугацаанд түлдэг байсан. Түлэх нүүрсгүй болоод иргэний үнэмлэхээ “тавиад” нүүрс түлээтэйгээ залгуулах үе ч миний амьдралд байдаг. Харин та бүхэнд маш их баярлалаа. Би бүр баярлаад захиралдаа манайд нүүрс өгнө гэнэ гээд ажлаасаа чөлөө аваад ирсэн.” гэлээ.
Түүний гэрийн гадна машин ч явах боломжгүй, өндөрлөг газраас нар ийнхүү жаргалаа.
Харин гэргий Оргилтуяа хэлэхдээ “Би барилгын ажил хийдэг. Манайх есөн хүүхэдтэй, хамгийн бага нь хоёр настай. Надад одоогоор ажил хийх боломж байхгүй. Хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь зөөсөөр байтал өдөр дуусдаг. Манайх саяхнаас энэ сайжруулсан түлшийг хэрэглэж байна. Гадуур нэг шуудай нүүрс 3750 төгрөг байна лээ. Та бүхний ачаар гурван сарын түлшний мөнгөө хэмнэх нь. Ядаж л нүүрс авах байсан мөнгөөрөө хүүхдэдээ талх, өвлийн хувцас аваад өгнө шүү дээ.” хэмээв.

1045

Энэ айлтай адил амьдралын төлөө зүтгэж яваа олон, олон гэр бүл бий. Хэдийгээр хэдэн зуу айлд туслах боломж байгаагүй ч арван ч болов айл энэ өвөл галтай байх нь дээ гэхээр радиогийн уран бүтээлчид бид баяртай байлаа. Сүүлд нь бид айлдаа радиогийн гар бэлгээ өглөө. Манай радиог үргэлж сонсоорой гээд радио гардуулан өгөхөд айлын эзэгтэй ихэд баярлан авч хоцорсон юм.
Радиогийн сонсогчид маань өөрт хүсдэг сайнаа бусдад хүсдэг хүмүүс байдаг билээ. “Бяцхан гар танаар дутна” аянд нэгдэж, 10 мянган төгрөг хандивласан хүн нэг бүрт баярлалаа.