1045
 
 

ЭРДЭНЭТИЙН ЦАГААН ТООС ДЭГДЭЛТ 80 ХУВИАР БАГАСНА.

Анх Эрдэнэт үйлдвэр ашиглалтад орсонтой холбоотой нэгэн асуудал тулгарсан нь үйлдвэрийн хаягдал “цагаан тоос” юм. Эрдэнэт үйлдвэр нь ил уурхайгаасаа зөөвөрлөсөн хүдрийг хөвүүлэн баяжуулах аргаар хоёр хувийн зэсийн баяжмал гарган авдаг. Харин үлдсэн 98%-ийн лаг шаврыг хаягдлын аж ахуй уруу зөөвөрлөдөг билээ. 
Уг шавар нь нар, салхинд хатаж маш нарийн ширхэгтэй цагаан тоос болон хувирч хавар, намрын цагт салхи, шуурганд дэгдэн хаягдлын аж ахуйн  ойр орчимд оршин суух иргэд цаашлаад нийт Эрдэнэтчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна хэмээн үздэг юм. Харин энэхүү цагаан тоосны дэгдэлтийг 80 хувь бууруулах шийдлийг туршилт судалгааны үр дүнд гарган хэрэгжүүлж байна.
Энэ талаар Баяжуулах үйлдвэрийн, Хаягдлын аж ахуйн Цагаан тоос дарах албаны инженер Л.Одонтунгалаг “Цагаан шорооны дэгдэлт эрүүл мэндийн хортой нөлөө үзүүлдэг. Бид хавраас хойш цагаан шороотой холбоотой олон төрлийн арга туршиж үзлээ. Хамгийн сүүлд 2017 оноос 2019 оны хооронд дагтаршуулах зорилгоор шинэ урвалжийг туршиж үзсэн. Энэ нь нарийн болон бүдүүн ширхэгтэй шороог өөртөө дагтаршуулж авсны улмаас цагаан шороо хийсэхгүй юм. Дараа жилийн хавар гэхэд тоос босох магадлал 70- 80 хувиар буурна. Эрдэнэт үйлдвэр төрийн өмчид үйлдвэрийн газрын судалгааны төв болон Баяжуулах үйлдвэр, Байгаль орчин ногоон хөгжлийн хэлтсийн хамтарсан туршилтын үр дүн юм.  Туршилтын ажил үргэлжилж байгаа. Нийт хаягдлын аж ахуйн далан өвөл, зуны хаялт гэж хоёр хаялттай. Бид Есдүгээр сарын18-наас эхлэн зуны хаялтын урд талын гурван километр талбайг дагтаршуулж дарж өгч байна.” гэв.
Технологийн энэхүү хаягдлыг багасгах, бууруулах олон туршилт өмнөх жилүүдэд хийгдэж байсан ч үр дүн гараагүй. Гэвч энэ удаагийн туршилт амжилттай болсон төдийгүй хэрэгжүүлж эхэлснийг харвал ирэх хавар Эрдэнэтчүүд цагаан шорооны дэгдэлтэд санаа зовних шаардлагагүй болжээ. Энэхүү барьцалдуулах арга нь эдийн засгийн зардал бага, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэдгийг албаныхан онцоллоо.