1045
 
 

АЖИЛЧДАДАА “ХҮҮХДИЙН ТОМИЛОЛТ” ОЛГОВ

Эрдэнэт үйлдвэрийн Засвар, угсралтын цех “Гэр бүл хамгаалал, хүүхэд-2019” хөтөлбөр хэрэгжүүлж, “техникийн эмч нар”-таа хүүхдийнхээ төлөө цаг гаргах боломж олгох, гэр бүлээ гэсэн сэтгэлийг хөхүүлэн дэмжих, ур чадвартай, мэргэшсэн боловсон хүчнээ тогтвортой ажиллуулах баталгааг хангах үүднээс 10 залуу ажилтанд нэг өдрийн цалинтай томилолт олголоо. Ирэх сард мөн 10 ажилтанд “хүүхдийн томилолт” олгохоор шийдвэрлэжээ. 
Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүний зөвлөмжийн дагуу Засвар, угсралтын цех Эцэг эхийн зөвлөл байгуулан уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд “Миний гэр бүлийн аз жаргал” аян зарлаж, залуу гэр бүлүүдийн дунд “Номтой нөхөрлөе” чөлөөт өдөр, “Эрүүл бие-саруул ухаан” хөгжөөнт буухиа тэмцээн, “Ногоон төгөл”-д гэр бүлийн мод тарих өдөр зэрэг үйл ажиллагааг он гарсаар зохион байгуулжээ. 
Түүнээс гадна нийт ажилчдын дунд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын холбогдох хууль, гэр бүлийн боловсрол сэдвээр ёс зүйн сургалт зохион байгуулсан байна. Тус цехийн ажилчид болон хүүхдүүдээс авсан судалгаагаар ажилчдын гэр бүлийн хувьд халуун дулаан, дотно уур амьсгал нэмэгдэж, ажлын талбар дээр бүтээмж дээшилсэн дүгнэлт гарчээ.
1045