1045
 
 

МӨРӨН СУМЫГ БҮРЭН КАМЕРЖУУЛАВ

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд  иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх, бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор шаардлагатай бүх цэгийг бүрэн камержуулжээ.
Тус сумын хэмжээнд 150 орчим хяналтын камерыг суурилуулснаас  хамгийн сүүлийн үеийн 360 градус эргэдэг 40 камерыг 14 цэгт суурилуулж өнгөрсөн Есдүгээр сард ашиглалтад оруулжээ.
Энэ талаарх мэдээллийг Хөвсгөл Аймаг дахь цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан Ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч О.Мөнхсайхан хэлэхдээ “Хөвсгөл аймгийн хэмжээнд хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх камержуулалтын арга хэмжээг зохион байгуулсан. Үүний дагуу тодорхой хэмжээний санал хүсэлт үзүүлснээр аймгаас шийдэж өгсөн. Аймгийн төвд 15 цэгт 38 камерыг шинээр байршуулна. Камер байршуулснаар аймгийн хэмжээнд гарч байгаа гэмт хэргийн тоо буурах мөн гудамж талбай хараа хяналттай болсон. Мөн камержуулалтыг дагаад 1,13,14,10 гэсэн алслагдсан гэр хорооллуудад гудамж талбайн гэрэлтүүлэг тавигдсан байж байгаа. Орой үдэш явж байгаа хүмүүст бусдад дээрэмдүүлэх хэрэг гардаг байсан бол одоо эерэг үзүүлэлтийг үзүүлж байгаа.” гэв.  
Хяналтын камерын тусламжтайгаар гэмт хэрэг зөрчлийг шуурхай илрүүлж байгаа төдийгүй иргэд автомашинд орхиж гээгдүүлсэн зүйлээ ч олж авдаг болжээ. Харин хэрэг зөрчил гарсан, автомашинд эд зүйлсээ орхиж гээсэн тохиолдолд шуурхай цаг алдалгүй тухайн үед нь Цагдаагийн байгууллагад мэдэгдэх хэрэгтэй гэнэ.
Мөн тээврийн хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг камераар хянаж, зөрчил гаргах бүрд бүртгэл хийснээр зохих хариуцлагыг хүлээлгэж байгаа ажээ.