1045
 
 

ЮУ БАЙНА ТҮҮГЭЭРЭЭ

Жил бүрийн энэ өдөр Үндэсний өгөх өдөр тохиодог. Энэ жилийн өгөх өдрөөр Лантуун Дохио ТББ “Юу байна түүгээрээ” уриатай хандивын аян зохион байгуулж байна. Уг аянаар тэд Ид Шидийн Орон 2 төслийг дэмжих зорилго тавьжээ. 
Ид шидийн орон 2 төслийн нийт санхүүжилт нь 2.3 тэрбум төгрөг бөгөөд гүйцэтгэлийн ажил дуусахад 500 сая төгрөг дутаад байгаа юм. Тиймээс тэд 24 цагийн дотор 100 сая төгрөг босгох зорилт тавьсан ч өнөөдөр өдрийн 12 цагийн үед төлөвлөж байсан мөнгө нь аль хэдийн цуглаж, зорилго нь даван биелжээ. Өөрөөр хэлбэл 120 сая гаруй төгрөг бүрджээ.

Энэ аян зөвхөн нийслэл хот төдийгүй хөдөө орон нутаг, олон улсыг хүртэл хамарч байгаа нь гайхалтай. Хүмүүс 1000-аас эхлээд хэдэн зуун мянган төгрөг илгээж байна. Өнөөдрийн хамгийн эхний хандив 4.500 төгрөг орж иржээ. Гүйлгээний утган дээр “Дансандаа байсан бүх мөнгөө шилжүүллээ." гэсэн байв. Ганц нэг хүн их мөнгө өгч байгаа биш харин зуу зуун хүний 1000, 5000, 10.000 төгрөгөөр энэ их мөнгө цуглаад байна.
Зохион байгуулж буй залуус байж болох бүхий л сүлжээг ашиглаж байна. Тухайлбал ЛендМн нэгджээ. Та гар утасныхаа ЛендМн апп руу ороод санал болгох үйлчилгээ-хандив-Ид шидийн орны Үндэсний өгөх өдрийн хандивын аян руу орж мөнгө хандивлаарай. Хэрэв таван сая төгрөг бүрдвэл Лендийн зүгээс хоёр дахин үржүүлж 10 сая төгрөг болох ажээ.

Та энэ аянд хэдэн ч төгрөгөөр нэгдэж болно. Хэрэв та хандив илгээсэн бол дансны хуулгаа үзүүлээд “Chuu Chuu Travel Club”-т очиж үнэгүй кофе уугаарай. Юу байна түүгээрээ нэг нэгнээ дайлцгаая.

Хаан банк, Лантуун дохио ТББ, 5011455609 тоот дансанд хандиваа шилжүүлэхэд л хангалттай. Таны хандивласан төгрөг бүхэн хүүхэд хамгаалах төвийн нэг багана болох болно.