1045
 
 

ТАМХИНЫ ИШГҮЙ БАЯНХОНГОР

Баянхонгор аймгийн хот тохижилт үйлчилгээ орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын хамт олноос “Тамхины ишгүй Баянхонгор” аяныг өрнүүллээ. Тус газрын ажилчдын хэлж буйгаар хог хаягдлын дийлэнх хувийг тамхины иш эзэлдэг байна. Энэ нь тэдний ажилд хүндрэл учруулаад зогсохгүй хотын өнгө үзэмжид муугаар нөлөөлж байна. Мөн цаашлаад   хөрсний бохирдол ихээр үүсгэхэд нөлөөлж байгаа юм. 
Иймд татсан тамхиныхаа ишийг зориулалтын саванд хийж хэвшихийг уриалан уг аяныг зохион байгуулж байна. Үүнтэй холбоотойгоор Баянхонгор аймгийн хот тохижилт үйлчилгээ орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын зам талбайн үйлчлэгч Д.Маамдулам “Би энэ ажилд ороод 10-аад жил болж байна. Цэвэрлэгээ хийхэд хүндрэлтэй нь тамхины ишээ хаа яваа гарсан хаядаг энэ байдлыг болимоор байна. Автомашиныхаа цонхоор хаялгүй тамхины цэгтээ зориулалтын саванд хийж хэвшье" гэж уриалж байна.
    Тамхины иш нь хэмжээгээр жижиг боловч нэг ширхэг нь иш загасны бие бүтцийн тал хувийг үхүүлдэг аж. Мөн байгалийн экосистем алдагдахад нөлөөлж, ургамал амьтныг хордуулдаг. Ихэнх тамхины шүүлтүүр нь целлюлозын ацетат хэмээх байгалийн бодисыг өөртөө агуулдаг. Удаан хугацааны дараа задарч эхэлдэг уг тамхины иш, шүүлтүүрүүдээс никотин, арсеник, хар тугалга гэх  мэт бодис ялгарч ууршин байгаль орчин болоод нийгмийн эрүүл мэндэд хор нөлөө үзүүлдэг.  Иймд зориулалтын хогийн саванд тамхины иш хийж хэвшихийг уриалж байна.