1045
 
 

СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 90 ХУВЬ

Орхон аймгийн Засаг даргын ээлжит шуурхай зөвлөгөөн хуралдлаа. 2019-2020 оны өвөл олон жилийн дунджаас ахиу цас орж магадгүй байгаа тул өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүднээс Орхон аймгийн Засаг даргын 2019 оны Есдүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаар “Албан даалгавар” гарсан билээ. 
Албан даалгаврын хүрээнд холбогдох мэргэжлийн байгууллагууд айл өрх, албан байгууллагууд, аж ахуйн нэгжүүдээр хяналт, шалгалт хийж, хотын инженерийн шугам сүлжээ, дэд станцуудад мэргэжлийн байгууллагуудыг хяналт тавьж засвар арчлалт хийж, айл өрх байгууллага аж ахуйн нэгж, СӨХ-д өөрсдийн хариуцсан хаалга цонхондоо дулаан алдагдлыг бууруулах зорилгоор шаардлагатай дулаалгын ажлуудыг хийж гүйцэтгэжээ.
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээг хариуцан ажиллаж буй СӨХ-ны өвөлжилтийн бэлтгэл ажил 90 хувьтай үргэлжилж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Сууц өмчлөгчдийн холбооны Орхон аймаг дахь салбар зөвлөлийн дарга Ц. Ган-хуяг “Энэ нэгтгэлийн хугацаанд Аравдугаар сарын сүүлийн 15 хоног ороогүй. Арван нэгдүгээр дүгээр сар, Арван хоёрдугаар сард хийгдэх ажлуудыг тооцоход нийт 95 хувьтай  байх болов уу гэсэн урьдчилсан тооцоотой. Мөн 5 юмуу 10 хувиар төлөвлөгөө тасарч болзошгүй. Гэхдээ сууц өмчлөгчдийн холбоод бүх нөхцөл бололцоогоо дайчилсан гэж үзэж байна. Одоо хаалга, цонхныхоо битүүмжлэлийг бий болгох, хуучин цонхыг вакуум цонхоор солих гэх мэт ийм ажлууд хийгдэнэ.” гэлээ.
Мөн өвлийн улиралд эрт харанхуй болдог учир орцны болон гадна талбайн гэрэлтүүлгүүдийг шалгаж, засаж сэлбэх ажлууд хийгдэж байна. Өнөөгийн байдлаар Орхон аймагт нийт 35 сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаа явуулдаг аж.