1045
 
 

ГАЧУУРТААС НАЛАЙХ-ЧОЙРЫН УУЛЗВАР ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫГ НЭЭЛЭЭ

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил дуусч, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаны төлөөлөл, ерөнхий болон туслан гүйцэтгэгч компанийн ажилчид, иргэд, олон нийт оролцов. 
Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээлтийн үеэр “Налайхын зам 60 гаруй жил болж байгаа тул хуучирч, эвдрэл ихтэй, осол гарах эрсдэл их байсан. Тиймээс шинэчлэх шаардлага зайлшгүй тулгарсаар ирсэн. Өмнө нь бага зардлаар урт зам барихыг илүүд үздэг байсан бол одооноос ашиглалтын хугацаа урттай, чанартай зам барихыг хичээдэг болсон. Энэ зун бороо хур ихтэй байсан тул замын ажилд 29 хоног алдсан ч Монгол, Хятадын ажилчид хичээнгүйлэн ажилласны үр дүнд хугацаандаа ашиглалтад оруулж байна. Энэхүү ажилд гар бие оролцсон бүх хүнд талархлаа илэрхийлье. Гэхдээ энэ зам бол хурдны зам биш гэдгийг иргэд, олон нийт анхаарах ёстой. Замын хөдөлгөөний дүрмээ чанд сахихыг иргэддээ анхааруулж байна. Бусдыг хүндлэн дураараа биш дүрмээрээ зорчихыг хүсье. Алтан шаргал зам нь өлзийтэй байх болтугай" хэмээлээ.