1045
 
 

НОМ ТАНЫГ ӨӨРЧИЛНӨ

Маш олон хүнээс юу таны амьдралыг өөрчилсөн бэ? гэж асуухад ном гэж хариулдаг. Сайн номын ачаар бид амьдралаас эрж хайгаад олохгүй байгаа олон асуултын хариултыг авдаг.

Түүний номын оршил “Нэг л өдөр ажилдаа явмааргүй, сүүлийн хэдэн жилд амьдралын утга учир байсан компани дээрээ очмооргүй, хамаг эрч хүчээ алдчихсан мэт мэдрэмжтэй нүдээ нээх мөч…” гэх өгүүлбэрээр эхэлдэг. Магадгүй номын зохиолч Л.Золзаяа тэр үед хийж байгаа ажлынхаа утга учир, цаашдын алсын хараа зорилгынхоо тухай эргэн нэг бодсон байх.

Би яах ёстой вэ? Миний зорилго юу вэ?

Ингээд тэр зорилгогүй, урсгалаараа яваад байгаагаа мэдэрч өөрийг нь чиглүүлэх хэн нэгнийг хайж эхэлсэн. Эхэндээ ном бичнэ гэж бодсонгүй. Харин Ноён “Ган”-тай холбогдож “Та миний ментор болооч, гуравхан сар л хамт байж суралцах гэсэн юм.” гэж бичсэнээр 100 өдрийн аялалд гарч, жинхэнэ удирдагч байх, ялагдахгүй байх, ёс зүйтэй байх гэхчлэн маш олон чухал зүйлийг сурснаа НОМ болгон гаргажээ.

Энэ ном Золоогийн амьдралыг өөрчилсөн шиг таны амьдралыг ч бас өөрчилнө гэдэгт итгэлтэй байна. Бүх насныханд тохиромжтой ба ялангуяа өөрийн амьдралын зорилго, утга учраа хайж буй хүн бүхэд зориулсан ном гэдгийг тодотгон хэлье.

Уншигчийн сэтгэгдэл

“Энэ номыг эхлэхдээ Золоо гэдэг бүсгүй зорилгоо олж аваасай гэж бодож эхлүүлсэн. Харин зорилгоо олох тийм ч хялбар биш зүйл гэдгийг түүний адал явдал харуулна. Хэдийгээр ном зорилгын эрэлд гэсэн шугамтай ч залуу хүн та энэ номыг уншаад өөрийнхөө тухай ихийг эргэцүүлж бодох хэрэгтэй юм. анхны уншигчийн хувьд зөвлөхөд өөрийгөө номын гол дүртэй битгий харьцуулаарай. Түүнтэй зүгээр л танилцаарай.” гэж Ногоон Нүдэн Лам номын зохиолч Ц.Оюунгэрэл

Магадгүй та яг одоо аль нэг хэсэгт очоод гацсан мэт эсвэл нэг зүйл эхэлчхээд цаашид яахаа мэдэхгүй суугаа бол Ноён Гантай өнгөрүүлсэн 100 өдөр номыг уншаад үзээрэй.

Ном нийтдээ 19 хэсгээс бүрдэнэ. Хэсэг тус бүрийнхээ төгсгөлд онцлох эшлэл бичсэн байсан. Мөн уншигч сурсан зүйлээ өөртөө бичиж үлдээх тэмдэглэл хэсэг оруулсан. Тиймээс энэ номыг уншаад бүлэг тус бүрийн төгсгөлд нь амьдралдаа хэрэгтэй сургамжуудаа тэмдэглээд яваарай. Ухаантай хүн алдаж байж биш бусдын амжилт, алдаа онооноос суралцдаг гэдэг.

Сайн ном хүний амьдралыг өөрчилдөг.