1045
 
 

УТААГҮЙ БАЯНХОНГОР ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Баянхонгор аймаг 2019-2020 онд “Эх хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдолтын үзүүлэх нөлөөг буруулах төсөл хэрэгжүүлэхээр болсон. Мөн Баянхонгор аймагтай НҮБ-ын Хүүхдийн Сан болон “Swiss Cooperation in Mongolia” хамтран хэрэгжүүлж буй “Утаагүй Баянхонгор” хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор аймагт тоосонцрыг илрүүлэх BAM 1020 төхөөрөмжийг суурилуулах ажил эхэллээ. 
Уг ажилд Сент-Луис дахь Вашингтоны их сургуулийн профессор Жей Тернер, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль-ийн Барилгын эрчим хүч хэмнэлтийн сургалт судалгааны төвийн захирал Б.Мөнхбаяр нараар ахлан ажиллаж байна. Мэргэжилтнүүд Баянхонгор аймгийн төвд PM2.5 тоосонцрыг цаг тутам хэмжиж, мэдээлэх BAM 1020 агаарын чанарын хяналтын харуул болон 18 ширхэг бага оврын төхөөрөмж суурилуулж, орон нутгийн мэргэжилтнүүдэд харуулын станцыг хэрхэн ажиллуулах тухай сургалтыг зохион байгууллаа.
  Сургалт тав хоног үргэлжилсэн бөгөөд Баянхонгор аймгийн хамгийн их тоосонцортой газар уг төхөөрөмжийг суурьшуулснаар тоосонцрын хэмжээг бууруулах арга хэмжээг авах боломжтой болж байгаа юм.
Уг мэдээллийн талаар Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр “Энэ төхөөрөмж нь Баянхонгор аймгийн нийт агаарын тоосонцор хэмжих зориулалттай. Төхөөрөмжийг аймгийн цаг уур шинжилгээний газар албан ёсоор хариуцан хянаж ажиллаж байна. Мөн эндээс гарч буй мэдээлэл онлайн орчинд шууд тавигдах учир НҮБ давхар хянаад явах боломжтой байгаа юм. Мөн суурилуулах явцад ус цаг уур шинжилгээний газрын мэргэжилтнүүдэд тодорхой мэдээлэл сургалт хийсэн.” гэв.
Баянхонгор аймагт Харуулын станцыг байгуулахаас гадна Аймгийн төвийн нэг цэцэрлэг, эрүүл мэндийн төвд агаарын чанарыг хэмжих хоёр багц төхөөрөмжийг мөн суурилуулна.