1045
 
 

W+ Дэлхийн шилдэг сэтгүүлийг унших боломж

Дэлхий нийтээрээ дижитал руу шилжиж байна. Ялангуяа хэвлэл мэдээллийн салбар. Хэдийгээр хэвлэмэл сэтгүүл амжилттай хэвээр байгаа боловч ихэнх сэтгүүл цахим руу шилжээд эхэлсэн нь бидний эвлэрэх ёстой бодит үнэн юм. Хэдэн жилийн өмнө гэхэд л Teen Vogue сэтгүүл 100% цахим болсон билээ.

Тэгвэл “World Plus International” ХХК нь World Plus (W+) гэх аппликейшныг хөгжүүлж, энэ оны Аравдугаар сард Азид дэлхийд нээлтээ хийлээ. Уг платформод Англи, Монгол, Япон, Хятад, Индонез, Малайз гээд зургаан хэл дээрх 78 орчим сэтгүүлийн 120 гаруй дугаар оржээ. Дараа жил гэхэд сар бүр 500 сэтгүүлийг тогтмол нийтэлдэг болох төлөвлөгөөтэй байгаа аж.

W+ нь Монгол хүний оюун ухааны бүтээл. Монголчууд хийсэн юм уу? Тийм ээ. Монголчууд технологийн салбараас нэг их хоцроогүй. Бидэнд  оюун ухаандаа түшиглэн дэлхийд өрсөлдөх боломж байна. Нэг ёсондоо бид зөвхөн нүүрс зардаггүй юм ард түмэн гэдгийг дэлхийд харуулахаар тус компанийн хамт олон зорьж байна.

ЯАГААД ЗААВАЛ W+ ГЭЖ?

Хэвлэмэл сэтгүүл бүр өөрийн гэсэн аппликейшнтай болсон. Гэхдээ W+ руу ороход хэрэглэгчийг маш том дэлгүүр угтана. Нэг талд нь HOME DÉCOR, нөгөө талд нь Forbus байх жишээний. Хүмүүст сонголт олгож байгаа хэрэг. Мөн өөр бусад төстэй аппликейшнтай харьцуулахад илүү “амьд” хөдөлгөөнтэй, дуутай, видеотой, зурагтай. Хамгийн гоё нь цааснаас мэдрэх боломжгүй зүйлийг эндээс мэдрэх боломжтой.

Үүгээрээ цаасан хэвлэлийг буруутгаагүй. Хэрэглэгчид хооронд нь харьцуулах, тэр дундаас сонголт хийх боломжийг л нэмж байна. Жишээ нь энд байгаа 120 дугаар сэтгүүлийг хэвлэмлээр аваад явбал юу болох уу? Бараг л жижиг хэмжээний номын сан үүснэ шүү дээ. Дээр нь орон зай үл хамаарна. Магадгүй Монголд байгаа хүнд Япон сэтгүүл олж уншихад төвөгтэй байж мэднэ.

Гэтэл W+ байхад та дэлхийн хаанаас ч аль ч сэтгүүлийг татаж авах боломжтой. Анхны сэтгүүлүүд хэсэг хугацаанд үнэгүй байршина. Яваандаа сар тутам тодорхой хэмжээний төлбөр төлөөд бүх сэтгүүлийг унших боломжтой зарчмаар явах ажээ.

Нэг талдаа цахим хэвлэл байгальд ээлтэй нөгөө талаар хэрэглэгчийн эдийн засагт ч гэсэн хэмнэлттэй. Нэг сэтгүүл бий болоход зардлын дор хаяж 40 орчим хувь нь хэвлэл болон түгээлтэд шингээд явдаг аж. Тэр утгаараа сэтгүүлүүд борлуулалтаас нэг их ашиг орлого олдоггүй гэх тооцоолол бий.

Маркетингийн ахлах менежер А.Оргил хэрэглэгчийн талаар хэлэхдээ “Манайд нэг төрлийн сэтгүүл ороогүй учраас W+ гар утас хэрэглэдэг бүх хүнд зориулагдсан. Тухайлбал эрэгтэйчүүдэд хэрэгтэй Men’sHealth, эмэгтэйчүүдийн унших дуртай Vogue, Cosmopolitan гэх мэт сэтгүүл орсон. Ер нь цахим болох сонирхолтой бүх сэтгүүл манайд байршиж эхэлж байна. Бид аль болоход дэлхийд танигдсан, чанартай сэтгүүлүүдийг төвлөрүүлэхээр зорьж байна.” гэлээ.

Хэрэглэгч их чухал. Олон хэрэглэгчтэй байх тусам хурдан танигдана гэсэн үг. Тэд Долдугаар сараас хойш давамгайлсаар Монголоос 10 мянган орчим, гадаадаас хоёр мянга орчим хэрэглэгчтэй болжээ.

Энэхүү аппликейшнг бүтээхэд ард нь 30 гаруй програмистууд ажиллаж байна. Тэд үндсэндээ үүнийг хөгжүүлж, бүтээхэд тав орчим жилийг зарцуулжээ. Өмнө нь Woovoo нэртэй аяллын хөтөч сэтгүүл, дараа нь дэлхийн хотуудын сар тутмын сэтгүүл гаргаж байв. Гэхдээ цэвэр өөрсдөө агуулгаа бүтээгээд дэлхийд өрсөлдөх хэмжээнд үнэлэгдэхүйц сэтгүүл гаргана гэдэг тийм ч амар хэрэг биш. Хэдийгээр сайн нийтлэл, дугаарууд гаргаж байсан ч дэлхийн зах зээл ямар том билээ дээ.

Долоон тэрбум гаруй хүний гурван тэмбум орчим нь интернэт хэрэглэдэг тийм уудам зах зээл шүү дээ. Тиймээс нэгэнт танигдсан, дэлхийн шилдэг хэвлэлийг нэг дор төвлөрүүлж олон хэрэглэгчийг татахаар W+-ыг бүтээжээ.

 Тэнд ажилладаг программ бичдэг залуус ажилдаа их дуртай байдаг. Тархи нь үргэлж ажиллаж байдаг тул уйдах завгүй. Дээр нь хүрэх цэгээ олоод харчихсан, нэг алсын хараатай тул хамт ажиллахад урам зоригтой байдаг тухай Г.Оргил хэлж байсан юм.

Харин одоо та бид, энэхүү оюуны бүтээлийг дэмжих хэрэгтэй байна. Ганц хүн л утсандаа W+-г татахад л Монголоос дэлхийд гарах аппликейшнаа дэмжиж байгаа хэрэг юм. Татахад ердөө тавхан секунд...