1045
 
 

НАЛАЙХ ДҮҮРЭГТ НАЙМДУГААР ХОРОО ШИНЭЭР БАЙГУУЛАГДЛАА

1045

Төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд ойртуулж, чанар хүртээмжийг сайжруулах, хүн амын нягтралыг тэнцвэржүүлэх үүднээс Налайх дүүргийн хоёрдугаар хороог нутаг дэвсгэрийн хувьд зохион байгуулалтыг өөрчлөн хувааж шинээр наймдугаар хороог байгууллаа. 
Энэ талаар дүүргийн Засаг Даргын Тамгын Газрын хэвлэлийн төлөөлөгч Д.Одонтуяагаас тодруулснаа танд хүргэе. “Налайх дүүргийн хоёрдугаар хороо нь дүүргийн гурав, дөрөв, долдугаар хороотой тус тус хиллэдэг 216,3га талбайтай. Орон сууцны 73 байр, Тайж, Нарлаг, Наадам, Соёл, МСҮТ Жаргалантын гэр хорооллоос бүрдсэн орон сууц зонхилсон төвийн хороо юм. Мөн тус хорооны нутаг дэвсгэрт төрийн болон төрийн бус үйлчилгээний байгууллага, худалдааны төв, аж ахуйн нэгжүүдийн 80 орчим хувь нь үйл ажиллагаа явуулдаг хүн амын төвлөрөл маш өндөртэй хороо билээ. Тус хорооны 1-32 байр 1959 онд ашиглалтад орсон ба 60 орчим жил болж байгаа тул ашиглалтын хугацаа дуусаж дахин төлөвлөлтөд орох зайлшгүй шаардлагатай болсон. Энэхүү цагаан байрууд дахин төлөвлөлтөд орж шинээр орон сууц баригдахад ойролцоогоор 600 өрхийн 1800 иргэн суурьшина гэсэн тооцоо байдаг. 2015 оноос хойш тус хороонд шинээр гурваас есөн давхар 14 ширхэг барилга баригдаж ойролцоогоор 420 өрхийн 1260 иргэн нэмэгджээ.”
Иймд цаашид хүн амын өсөлт нэмэгдэж, орон сууцны барилгууд баригдан тэлэх төлөвтэй тул 2929 өрхтэй тус хоёрдугаар хороог 1265 өрхтэй 4528 хүн амтай болгон өөрчилж, наймдугаар хороог 1664 өрхийн 5927 хүн амтай таван хэсэгтэй хороо болгон шинээр байгуулав.