1045
 
 

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД ҮЗЭСГЭЛЭН ГАРГАЛАА

Орхон аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 4000 гаруй иргэн бий. Үүнээс 330 гаруй нь хүүхэд юм. мөн хувиараа хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээдэг 500 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байна.
Харин энэ сарын 14, 15-ны өдрүүдэд Орхон аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын газар, залуучуудын хөгжлийн төв, хөгжлийн бэрхшээлтэй эцэг эхчүүдийн холбоо хамтран Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, урам өгөх, цаашид хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урласан бүтээлийн үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдаанд 10 гаруй залуусын 40 гаруй бүтээл дэлгэгджээ. 2018 онд Аймгийн засаг дарга хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг  дэмжин аймгийн засаг даргын тамгын газрын бэлгийн багцад худалдан авалт хийснээр өнөөдрийн энэхүү үзэсгэлэнгээ дэлгэх санхүүгийн эх үүсвэр болсныг эдгээр хөдөлмөрч залуус дурдаж байлаа. 
Үзэсгэлэнгээ гаргаж буй залуус үзэсгэлэн худалдаанаас олсон орлогоороо тоног төхөөрөмж худалдан авч хэвлэлийн чиглэлээр гарааны бизнес эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй эцэг эхчүүдийн холбооноос өнгөрсөн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй долоон залуусыг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сургаж мэргэжил эзэмшүүлснээр энэхүү үзэсгэлэн гарах суурь эхлэл тавигджээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хэмээн гар хумхин суулгүй хөдөлмөрлөх залуус ирээдүйдээ итгэл найдвартай, санхүүгийн бие даасан чадвартай болж бусад хэрхэн хөдөлмөрлөх учраа олохгүй бэрхшээлийг туулж яваа залуустаа ажлын байр бий болгож нийгэмд татан оролцуулах чин хүсэлтэй гэдгээ хуваалцлаа.