1045
 
 

АГААРЫН БОХИРДЛООС ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛАХ ЗӨВЛӨМЖ

1045

Баянхонгор аймаг агаарын бохирдлоороо бусад 21 аймгаас хамгийн өндөртэй болох нь судалгаагаар тогтоогдсон. Аймаг орон нутгийн зүгээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон улсын жишиг төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна.
Агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн үүрэг оролцоо хамгийн чухал бөгөөд эрүүл мэндээ хамгаалах хувь хүний дадалд суралцах зайлшгүй шаардлагатай. Иймд агаарын бохирдолтой холбоотой өвчлөлөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэндээ хамгаалахын тулд ард иргэдийг өдөр тутмынхаа амьдралд дараах зөвлөмжийг хэвшүүлээрэй.
АМНЫ ХААЛТЫГ ТОГТМОЛ ХЭРЭГЛЭЖ ХЭВШИХ
Ялангуяа өглөө, орой буюу гадаад орчны агаар дахь бохирдуулах бодисын агууламж өндөртэй үед амны хаалт хэрэглэх.
БИЕИЙН ДАРХЛААГ ДЭМЖИХ, ЦЭВЭР АГААРТ САЛХИЛАХ
Ажил амралтаа зөв зохицуулан, сайн унтаж амрах. Шим тэжээл сайтай хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх. агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэхийн тулд илчлэг сайтай хоол, хүнсийг тогтмол хэрэглэх нь чухал юм. Насанд хүрсэн хүн хоолныхоо дараа өдөр бүр С, Е витамин уух нь уушгины өвчлөлөөс сэргийлэх ашиг тустай.
ГЭРИЙН ДОТООД ОРЧНЫ АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ
-        Бага насны хүүхэдтэй бол гэртээ хэт өндөр үр ашигтай агаарын шүүлтүүр агаар цэвэршүүлэгчийг ашиглах.
-        Гэртээ өдөрт хоёроос олон удаа чийгтэй цэвэрлэгээ хийж, гэр доторх агаарыг чийгшүүлэх. Хүүхдийг гадаа шороон дээр тоглуулахгүй байх, тогтмол гарыг нь угаалгаж занших хэрэгтэй. Агаарт дэгдсэн хорт нэгдэл хөрсөнд бууж улмаар хүүхдүүдийн гараар дамжин тэднийг хордуулах эрсдэлтэйг анхаарна уу.
-        Агаарын бохирдол багатай цагаар гэртээ агаар оруулах
-        Гэртээ тамхи татахгүй байх
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХ ҮЕДЭЭ ЦОНХОО ОНГОЙЛГОХГҮЙ БАЙХ
Манай улсын автомашины тоо жилээс жилд 10 орчим хувиар өсч байгаатай холбоотойгоор азотын давхар ислийн хэмжээ зуны улиралд ч төдийлөн буурахгүй байна. Иймд замын хөдөлгөөн их, агаарын бохирдлын тогтонгишил үүссэн үед замын хөдөлгөөнд оролцохдоо гадна агаарыг машиндаа шууд оруулахгүй, цонхыг нээхгүй байх учир нь автомашинаас ялгарсан утаа машин дотор нэвтэрч таны болон зорчигчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлнэ.