1045
 
 

ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛД ХЭН Ч ӨРТӨЖ БОЛНО

1045

Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн Арван-нэгдүгээр сарын 25-наас Арван-хоёрдугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэдэг. Монгол улсад төрийн бус байгууллагын санаачилгаар 1998 оноос эхлэн энэ аянд нэгдсэн. 
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Жендэрийн үндэсний хороо, НҮБ-ын Хүн амын сан эдгээр өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г  зохион байгуулахаар болжээ.
Энэ жилийн хувьд  төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран 22 дахь жилдээ “Ойлгоё хүндэлье-Гэр бүлийнхээ төлөө” уриан дор зохион байгуулж байна. Аянаар дамжуулан аливаа хэлбэрийн хүчирхийллээс ангид байхын тулд бие биеийнхээ эрхийг хүндэтгэж, харилцан ойлголцох, эрүүл харилцааг эрхэмлэхийг уриалж байгаагаараа онцлог аж.
Судалгаагаар ихэвчлэн охид, эмэгтэйчүүд хохирогч болдгийг аяны зохион байгуулагчдын зүгээс илэрхийлсэн. Гэхдээ аяны нээлтийн үеэр жендэрт суурилсан хүчирхийлэлд хэн ч өртөж болно гэдгийг ч бас хэлж байсан юм. 
2019 оны эхний арван сарын байдлаар цагдаагийн байгууллагад 28 мянга гаруй гэмт хэрэг бүртгэгдсэнээс 884 гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 18 гэмт хэргээр өссөн үзүүлэлт болохыг албаны хүмүүс мэдээллээ.
Аяны хүрээнд 2019 оны ирэх сарын 2-ны өдөр зохион байгуулах  “Цагаан туузтаны хөдөлгөөн”-д байгууллагаараа нэгдэж, ажилтан албан хаагчдад жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдээ мэдээллийг хүргэх ажээ. Мөн ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн фейсбүүк хуудсанд нийтлэгдэнэ. 
Тус аянд хэн ч нэгдэж болно. Тухайлбал та арга хэмжээнд нэгдэж фейсбүүктйг профайл зургийнхаа хүрээг "Ойлгоё хүндэлье" хүрээгээр сольж, нөлөөллийн ажилд оролцоорой.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс