1045
 
 

МОНГОЛ НААДГАЙН БУЛАН НЭЭЖЭЭ

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны соёлын төвийн номын санг хоймор нутгийн зургаан ястны өв уламжлал бүхий уран бүтээлээр тохижуулж Монгол наадгайн булан нээжээ.  Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны Хөгжлийн хөтөч хөтөлбөрийн "Өв соёл-Эрч хүч" дэд хөтөлбөр, Өрх гэр бүлийн хөгжил хүүхэд хамгааллыг дэмжих нэрлэсэн жилийн хүрээнд хүүхэд, багачуудад ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор өв уламжлал, монгол наадгайгаар иж бүрэн тохижуулсан байна. 
Энэ талаарх мэдээллийг Хатгал тосгоны номын санч Д.Отгонбямба хэлэхдээ “Манай Соёлын төвийн номын сан 21 мянга гаруй номтой. Жилд 3500 хүн үйлчлүүлдэг. Бид өөрсдийн хөрөнгө нөөц бололцоог ашиглан уншлагын танхимдаа засвар хийж Монгол наадгайн булан нээн ажиллаж байна. Аймгийн засаг даргын нэрлэсэн ажлын нэг болох хүүхдийг хамгаалах дэмжих жилийн хүрээнд өв соёл ёс заншлаа дээдэлсэн “Зөв монгол хүүхэд” уриатайгаар хүүхдэд ээлтэй, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, интернет цахим орчноос хөндийрүүлэх зорилгоор монгол наадгайн булангаа тохижууллаа. Монголчуудын тоглоом наадгай бол оюун ухаан, авхаалж самбаа, хурд хүчийг тэнцүү хөгжүүлэх онцлогтой тоглоом байдаг. Монгол ардын хүлэгт тоглоом 108 төрөл байдгаас манай уншлагын тахимд шатар, хорол, даам, шагайн наадгайнууд байна. Энэ мэтчилэн оньсон тоглоомууд зүйр цэцэг үг, туйл, үлгэр домог, ерөөл магтаал оньсого таавар хүртэл бүгд монголчуудын ахуй амьдралтай салшгүй холбоотойг ойлгож тунгааж үр хүүхдэдээ таниулах нь чухал юм.” гэлээ.
Номын санд хүүхдүүд ном уншихын зэрэгцээ тус булангаас монгол тоглоом наадгайн гарал үүсэл, түүх, тоглоомын төрөл зүйл, тоглох арга, хийцийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах ач холбогдолтой юм. Монгол наадгайн буланг Улаан-Уул сумын уугуул МУСТА ахмад зураач Л.Бадамдорж зурж соёлын төвийн хамт олон хамтран тохижуулжээ. Монголчуудын тоглоом наадгай нь мал сүргээ маллаж өсгөх, ан гөрөө хийх, ах захаа хүндлэх ёсыг хэвшүүлэхийг үлгэрчлэн харуулах зэргээр хүүхдэд хөдөлмөр ёс суртахууны хүмүүжил  олгодог онцлогтой юм.