1045
 
 

ХАМТДАА ИЛҮҮ ХҮЧТЭЙ БАГ БАЙЖ ЧАДНА

Гэр бүлийн радиогийн хамт олон амралтын өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлж Оргил Манлайллын чуулган 2019-т оролцлоо. Уг чуулга уулзалтад радиогийн төвийн уран бүтээлчдээс гадна Гэр бүлийн радио Эрдэнэт салбарын хамт олон хамрагдлаа.
Нийгэм дээр хүмүүс чи ганцаараа хүчтэй гэж дуугардаг. Гэхдээ Оргил Манлайллын Чуулганы эрхэм зорилго нь ганц хүнийг удирдагч болгох биш зөв удирдагчдаар дамжуулан баг хамт олныг бэхжүүлэх юм. 
Нийт найман илтгэл тавигдсан. Тэр дундаас “Ашигтай халдвар” хөтөлбөрийн хөтлөгч Чинзо “Жон Максвеллийн өдөр бүр зориудаар өсөж хөгж гэдэг сургамж нь их таалагдлаа. Хүн өдөрт нэг цагийг өөрийнхөө дуртай сэдвээ судлахад зарцуулахад таван жилийн дараа мэргэжилтэн болно гэдэг зөвлөмжийг авч өдөр бүр өөрийгөө хөгжүүлж байна аа.” гэлээ.
Мөн Жон Максвелл хэрэв та өөрийнхөө өмнө нь хийсэн зүйлээ хараад болж байна гэж бодвол та хөгжихгүй байна гэж хэлсэн. Тэрбээр манлайлагч хүн сэтгэл зүй, харилцаа, алсын хараагаа зөв залснаар багаа хэрхэн амжилттай хөтлөх талаар  “Өөрийгөө удирдагч болгон хөгжүүлж” гэх номыг бичсэн билээ. Жон Максвел  нэлээд хэдэн жилийн дараа номоо дахин хэвлэхдээ бараг өгүүлбэр бүрийг нь зассан гэдэг. Энэ бол түүний хэлж буйгаар хөгжих үйл явц юм.
Мөн зохиолч, кино уран бүтээлч, пастор Т.Д Жейкс илтгэлдээ “Залуу бүргэд нисэж байхдаа биш унаж байхдаа нисэж сурдаг” хэмээн дурдсан. Алдахаас битгий ай. Бүдэрч унаж байж л бид алхаж сурдаг. Том алсын хараатай бай. Хэрэв мөрөөдөл тань зөвхөн таны л толгойд багтаж байвал дэндүү жижиг байна.
New York Times-ийн шилдэг борлуулалттай номын зохиолч, өөдрөг үзэлтэн, сүүлд “Хязгааргүй тоглоом” номоо бичсэн Саймон Синек “Ялахын төлөө биш тоглоомоос гарахгүй байхын төлөө тогло.” гэсэн. Таны өрсөлдөгч бол та өөрөө гэдгийг хэлсэн нь бидний харах өнцгийг өөрчилсөн.
Найман илтгэгчийн дунд цорын ганц эмэгтэй илтгэгч нь “Salvation Army” олон улсын байгууллагын удирдагч, офицер, зохиолч бөгөөд өөрчлөлтийн төлөөх маш олон хөдөлгөөнийг эхлүүлэгч Даниел Стрикланд байлаа. Тэрбээр энэ жил “Хамдаа илүү” буюу жендерийн асуудлыг давж эрчүүд, эмэгтэйчүүд хамтдаа илүү дээр ирээдүйг хэрхэн бий болгож болох талаар хуваалцсан. 
Нээрэн л Монголын Дэлхийн Оргил Манлайллын чуулганыг зохион байгуулах хорооны гишүүн Отгонбаярын хэлдгээр чуулганы илтгэгчид ярих юмтай, амьдарсан түүхтэй, ярьснаараа амьдардаг, амьдарснаа бусдад хуваалцдаг хүмүүс байлаа.