1045
 
 

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛНЭ

Орхон аймагт баригдаж буй 315 айлын түрээсийн орон сууцанд иргэдийг хамруулах журам батлагдлаа. 
Энэ талаарх мэдээллийг Орхон аймгийн засаг даргын орлогч А.Түвшинжаргал хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэл хүргэлээ. “315 айлын орон сууц яг өнөөдрийн байдлаар улсын комист ажиллах хүсэлтээ өгсөн, байранд нэг ч айл өрх ороогүй, нэг ч хуваарилалт хийгдээгүй байгаа юм. Бид 315 орон сууцныхаа 30% буюу 98 ширхэг байрыг шууд худалдан борлуулна. Үлдэж буй 70 хувийг түрээслээд өмчлүүлэх, түрээслэх гэсэн хэлбэрээр олгоно.” гэлээ.
Худалдан борлуулахдаа тухайн байрыг метр/квадратынх нь үнийг 1’230’860 төгрөгөөр иргэн 100 хувь худалдаж аваад өөрийн болгоно гэж ойлгож болно. Мөн 30 хувийг иргэн өөрөө төлөөд, 70 хувийг банкны зээлээр авах боломжтой.
Бид Арван хоёрдугаар сарын 11-нээс өргөдөл хүлээж авна. Өргөдлийг хүлээж авахдаа Орхон аймгийн хууль эрх зүйн хэлтэст ажиллаж байгаа эрх зүйн хөтөч найман гэрээт ажилтантай хамтран Орхон аймгийн засаг даргын тамгын газрын нэг цонхны үйлчилгээнд нэгдсэн байдлаар Нэгдүгээр сарын 20 хүртэл хүлээж авна. 
Арван хоёрдугаар сарын 11-нээс Нэгдүгээр сарын 11 хүртэл 30 хоногийн хугацаа байна. Өргөдөл хүлээн авч дуусаад 14 хоног судалгаа хийж Нэгдүгээр сарын төгсгөл гэхэд сугалаа явуулж асуудлыг бүрэн цэгцлэх төлөвлөгөөтэй аж. 
Түрээслэх 217 орон сууцнаас залуу гэр бүлд 50-ыг төрийн албан хаагчдад 54-ийг, хувийн хэвшлийн ажилтнууд болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 33-ыг, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд 11-ийг олгоно. Мөн өрх толгойлсон эцэг, эхэд, ахмад настнуудад 43-ыг, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон түүнийг халамжилдаг гэр бүлд 11-ийг, гамшиг аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон гэр бүлд 4-ийг нь тус тус түрээслүүлэх юм. 
Түрээсийн төлбөр нэг м.кв тутамд 4500 төгрөг. Өөрөөр хэлбэл тухайн байрны нийт талбайн хэмжээнээс хамаарч 1 өрөө байрны түрээс сард 154-194 мянган төгрөг, хоёр өрөө байрны түрээс сард 151-236 мянган төгрөг, 3 өрөө байрны түрээс сард 304 мянган төгрөг болно.
Мөн эдгээр орон сууцыг түрээслээд өмчлөх сонирхолтой иргэд тухайн байрныхаа 30 хувийг таван жилийн хугацаанд төлөх хэрэгтэй. Урьдчилгаа 30 хувийн төлбөрийг таван жилд хуваахад 1 өрөө байр түрээслэгч сард 210-265 мянган төгрөг, хоёр өрөө байр түрээслэгч сард 206-323 мянган төгрөг, гурван өрөө байр түрээслэгч сар бүр 416 мянган төгрөгийг түрээснээсээ гадна төлнө.
Дээрх ангиллуудад хамаарах шалгуурыг хангасан иргэдийн дунд сугалаа явуулж Түрээсийн орон сууцанд орох иргэд, гэр бүлүүдийг тодруулна. Сугалааг нээлттэй ил тод явуулах үүднээс бүртгүүлсэн иргэд өөрийн биеэр ирж сугалааны хайрцагт “сугалааны хуудас”-аа хийнэ.