1045
 
 

ЭРГЭЛТ АВДАГГҮЙ ЭЭЖҮҮДИЙГ ЭРГЭВ

Арван хоёрдугаар сар бүхэлдээ хариу нэхдэггүй хайрын сар билээ. Жилийн энэ үед дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс бусдад тусалж, хайраа мэдрүүлдэг. Тэр ч утгаараа радиогийн хөтөлбөрүүд энэ сард онцгой ач холбогдол өгдгийг байнгын сонсогчид хэдийн мэдэх байх.
Өнгөрсөн амралтын өдөр өглөөний шоуны хоёр эмэгтэй хөтлөгч Чимгээ, Амар нар эргэлт авдаггүй ээжүүдийг эргэжээ. Чимгээ хөтлөгч өөрийн гарын цай, шөлийг бэлдэн ирж, радио, живх зэргийг өгч гурван ээжийг баярлуулав. Тэдний хэлснээр Гуравдугаар амаржих газар эргэлт авдаггүй ээжүүд харьцангуй бага бол Эх нялхсын эмнэлэгт тийм ээжүүд их байдаг аж. Учир нь хөдөө орон нутгаас амаржихаар ирсэн ээжүүд болон хамаатан садан багатай хүмүүст маш цөөн эргэлдт ирдэг.

1045
Хөтлөгчид сэтгэл гарган очихдоо маш их баяр хөөр авчээ. Учир нь хүн өөрт хүсдэг сайн сайхныг хүсэж, үйлдэх үед үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж авдаг билээ.
Амар хөтлөгч эмнэлэгт очсон сэтгэгдлээ хуваалцлаа. 
“Шууд очиход ээжүүд их гайхсан шүү. Бидний эргэсэн ээжүүдийн дунд хөгжлийн бэрхшээлтэй ээж байсан. Хэдийгээр ярьж ойлголцох боломж байгаагүй ч түүний сэтгэл хөдөлж байгаа нь харагдсан. Яг үүнээс би хүнд жижиг ч гэсэн тус багадахгүй гэдгийг дахин ойлгосон юм. Дээр нь эмнэлэг хоол унд сайтай, тохилог тул ээжүүд амраад гардаг ч эмнэлгээс гарсны дараах эргэлт их чухал гэж бодогдсон. Төрсний дараа эмэгтэйчүүдийн сэтгэл санаа маш эмзэг болдог.” гэлээ.

1045
930 шоуны булан бүр өөрийн гэсэн өнгө аястай. Ийнхүү тэд “Зургаан мод” буюу бусдын төлөө гүйх, өөрийгөө зориулах утга агуулгатай булангаараа дамжуулан бусдад сэтгэлийн гараа сунгажээ.
Амар хөтлөгчийн хэлсэнчлэн та ч бас танихгүй тэр нэгэн ээжийг эргээрэй. Ялангуяа ганц бие ээжүүдийн сэтгэл зүй төрсний дараа их хүнд байдаг. Гэвч тэд хүүхдээ төрүүлж байгаа нь хамгийн том, зөв шийдвэр шүү дээ. Тиймээс тэр үед нь танд санаа тавьдаг хүн байдаг юм шүү, одоо хэцүү санагдаж байгаа ч энэ бол аз жаргал юм шүү гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй.