1045
 
 

“ОЙЛГОЁ ХҮНДЭЛЬЕ” АЯНД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХЭН НЭГДЛЭЭ

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян үндэсний хэмжээнд эхэлж байгааг мэдэгдэж, тус хугацаанд Дүүргийн түвшинд хийгдэх үйл ажиллагааны мэдээллийг танилцуулах уулзалт зохион байгууллаа.
НҮБ-ын Хүн Амын Сан (НҮБХАС), Монгол Улсын Засгийн газар, Иргэний нийгмийн байгууллагууд хамтран Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аяныг “Ойлгоё Хүндэлье” уриан доор эхлүүлж байна. 
Тус арга хэмжээний талаар Багануур дүүргийн Засаг Даргын орон тооны бус зөвлөх Ц.Цогзолмаа ийнхүү ярьж байна.
“Олон улсын жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх 16 хоногийн аяны хүрээнд Багануур дүүргийн төр захиргааны байгууллагууд, жендэрийн салбар зөвлөл хамтарч тодорхой ажлуудыг төлөвлөн ажиллаж байна. Энэ хүрээнд байгууллага аж ахуйн нэгжийн хэвлэлийн ажилтнууд, жендэрийн мэргэжилтнүүдийг цуглуулж мэдээлэл өглөө. Энэ мэдээлэлд жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянг зохион байгуулах болсон түүх, энэ жилийн уриа ажлын агуулга, байгууллага бүр дээр аяны ач холбогдлыг таниулах, иргэд байгууллагадаа гэр бүл рүү чиглэсэн ажлуудыг төлөвлөж хийх талаар ярилаа. Мөн улс орон даяар явагдаж байгаа тус аянд байгууллага, аж ахуйн нэгжийн хэвлэлийн ажилтнууд нэгдэж мэдээ мэдээллийг түгээж энэ чиглэл рүү анхаарч ажиллана гэсэн ойлголтоо нэгтгэж дээрх ажлыг зохион байгууллаа. Дараагийн долоо хоног буюу Арван хоёрдугаар сарын 7, 8-ны үед эрэгтэйчүүдийн ТББ, Хайр энэрэл ТББ-тай хамтраад гэр бүлийн сайн сайхны асуудал, гэр бүл дэх жендэрийн тэгш бус байдлыг арилгах, гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад эрэгтэйчүүдийн үүрэг ямар байх ёстой бид юуг анхаарах ёстой вэ? гэдэгт зөвлөлдөх уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна.”  гэв.
Уулзалтад Багануур Дүүргийн 50 гаруй  байгууллагын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнууд болон Дүүргийн хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцлоо. Тус аянд нэгдсэн байгууллагууд цахим болон Фейсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлэл түгээх, давлагаа үүсгэн олон нийтийг хүчирхийллийн эсрэг уриалах юм. Аяны уриа, мессежийг олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллага болон нийгмийн сүлжээгээр өргөн хүрээнд сурталчилна.