1045
 
 

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ ЯГ ОДОО ХӨДӨЛ

Энэ долоо хоногт дэлхийн дахинаа уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 25 дахь бага хурал Мадрид хотноо болж байна. Энэ жилийн хурлын уриа нь “Time for Action” буюу дэлхийн дулаарлын эсрэг яг одоо ямар нэг арга хэмжээ авч эхлэхгүй бол оройтлоо гэдгийг хүмүүст сануулж байгаа аж. 
Хуралд оролцогчид уур амьсгал өөрчлөлт онц байдал  зарлах түвшинд  байгааг онцолсон. Уг хурлаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах улс орнуудын  тодорхойлсон зорилтуудыг ахиулж, бодит хэрэгжилтийг түргэтгэх, 2020 оноос хэрэгжиж эхлэх Парисын хэлэлцээрийн  үлдсэн гол асуудлуудыг шийдвэрлэх зорилготой юм.
    Парисын хэлэлцээр нь 2015 онд батлагдаж, улс орнууд дэлхийн дулаарлын эсрэг зайлшгүй арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзсэн. Уг хэлэлцээрт дэлхий нэг хэмээр дулаарсан, энэхүү дулаарлыг ядаж хоёр хэмээс хэтрүүлэхгүй барих болж өгвөл 1.5 хэмд барих зорилт дэвшүүлсэн.
Тэр хэлэлцээрт улс орон бүр өөрийн хувь нэмрийн илтгэлийг оруулсан байдаг. Манай улс 2030 онд гэхэд хүлэмжийн хийг 14 хувиар бууруулна гэх зорилт тавьжээ. Хэрэв манай улс сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээ нэмж, нар салхины томоохон станц баривал энэ зорилтод төвөггүй хүрнэ гэдгийг Ногоон Ази ОУТББ-аас эрхлэн гаргадаг Ногоон Ази сэтгүүлийн 2019 оны эхний хагас жилийн дугаарт тусгасан.
Тэгвэл иргэн та яг одоо ямар үйлдэл хийх вэ? Таны бага ч гэсэн хувь нэмэр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл явцад түлхэц болж чадна. Тухайлбал үйлдвэрлэсэн дулаан, эрчим хүчийг аль болох үр ашигтай зарцуулахаас бүх юм эхэлнэ. Автомашины хэрэглээг авч үзье. Ойрхон газар аль болох алхах эсвэл бензин бага ашигладаг унаа тэрэг сонгох. Нэг ёсондоо эрчим хүч, дулааныг аль болох бага хэрэглэх хэрэгтэй. Яг одоо өөрөөсөө эхэл. Таны ухамсар байгаль дэлхийгээ хайрлах үйлсэд нөлөөлнө.
 

1045