1045
 
 

ХӨВСГӨЛД МОТОЦИКЛЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ХОРИГЛОЛОО

1045

Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 4-нөөс ирэх оны Хоёрдугаар сарын 24-ний өдөр хүртэл мотоциклын хөдөлгөөнийг түр хориглов. Иймээс ард иргэдийг хүйтний улиралд эрүүл мэндээрээ хохирч эрсдэлд өртөхгүйн тулд мотоциклоор зорчихгүй байхыг Хөвсгөл аймгийн ЦГ-ын ЗЦТ-ийн дарга, хошууч А.Эрдэнэзул анхаарууллаа.
“Аймгийн засаг дарга 2019 оны Арван хоёрдугаар сарын 2–ны өдөр А 536 захирамж гаргасан. Цаг агаар хүйтэрч зам болон бусад зорчих хэсгээр халтираа гулгаа  үүсч замын нөхцөл хүндэрч байгаа тул ослоос үүдэлтэй хүний эрүүл мэндэд учирч болох эрсдэл, хохирлоос урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилготой юм. Энэ захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор одоог хүртэл замын хөдөлгөөнд оролцож буй мотоциклын жолооч бүхий иргэдийг урьдчилан сэргийлэх зорилгоор анхааруулах сэрэмжлүүлгийг өглөө. Мөн гудамж замд ажиллаж байхдаа энэ захирамжийг хэрэгжүүлж ажиллах чиглэлээр мэдээ мэдээлэл өгч байна. Зөрчлийн тухай хуулиар бүх нийтээр дагаж мөрдөх дүрэм зөрчвөл иргэнд 20 нэгж хуулийн этгээдэд хоёр зуун мянган төгрөгөөр торгохоор хуульчилсан байна. Энэ захирамжийг гарснаас хойш замын цагдаагийн газар торгохыг урьтал болгосонгүй. Захирамж гарснаас хойш долоо хоногийн хугацаанд анхааруулан сануулж урьдчилсан байдлаар замын цагдаагийн тасгийн цагдаа нар ажиллаж байна.”
Хөвсгөл аймагт гэмт хэргийн 40-50 хувь нь мотоциклтой замын хөдөлгөөнд оролцсоноос үйлдэгдэж юм. Мөн зам тээврийн улмаас нас барсан хүний тоо 22 байхад тэр дотор мотоциклтой осолдон нас барсан нь зургаа байна. Тиймээс хүйтний улиралд замын халтираа гулгаа ихэссэнээс хамааран осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд жолооч энэ захирамжийг хэрэгжүүлэхийг санууллаа.