1045
 
 

Өндөр эгч


Ялимгүй онгойсон  хаалганы завсраар улаа бутарсан хацартай, нүдэнд дулаахан нэгэн эгч ардын дуу амандаа аялан үйл урлаж харагдав. Би огт танихгүй хэр нь яагаад ч юм тэр эгчтэй яриа хөөрөө дэлгэмээр  санагдлаа.  Тэгээд зөөлхөн гэгч нь хаалга тогшвол тэрээр толгой өндийлгөн харснаа:

  • За ороод ирээрэй...

Танихгүй эгчийн элгэмсэг найрсгаар хэлсэн энэ үг намайг шууд хөтлөөд тэр давчуухан өрөөнд оруулчихсан юм. Харин нимгэн цайвар царайгаа улам гэрэлтүүлэх оёдолчин эгчийн сэтгэл татам инээмсэглэлийг хараад л би ямар уудам, гэрэлтэй ертөнцөд хөл тавьснаа ойлгох шиг болсон. Аялж суусан ардын дуу шигээ яруухан сэтгэлтэй түүний ажилсаг байдал нь ч нэгийг хэлэх шиг. Энэ мэдрэмжийг зүгээр л нэг үгээр хэлбэл урьд өмнө нь уулзалгүй удсан дотны хүнтэйгээ санаандгүй тааралдсан мэт тийм сонихон.    

Өсвөр насны жаахан охины нүдээр харахад тэр бол жинхэнэ хөдөлмөрийн баатар. Харин амьдрал дээр, томчуудын хувьд бол энгийн л нэг оёдолчин эмэгтэй. Түүнтэй ярилцсан хэсэгхэн хугацаанд би хүний амьдралын бүхэл бүтэн түүх дурсамж дундуур аялж, сэтгэл дүүрэн сууж билээ.  Тэрээр ажлынхаа  гарааг оёдлын үйлдвэрээс эхлүүлж, тэндээ арав гаруй жил тогтвортой ажиллажээ.  Харин өнөөдөр энэ өрөөндөө уртаараа хоёр, өргөөшөө нэг алдтай тэнцэх морины хучлагыг урлаж суух болсон байна. Өдөрт хэдэн арвыг оёх нь түүний үндсэн нь ажил нь. Эсгэх оёх, эвхэх цааш түгээх гэх мэт жижиг шат дараалсан дамжлуулгуудаа ч тэрээр энэ өрөөндөө ганцаараа хийдэг аж.  Энэ бүгдийг ганцхан өдөрт амжуулдаг гэж бодохоор түүнийг ямар их хичээл зүтгэлтэй, чадварлаг хэр нь мятаршгүй эмэгтэй болохыг баталж байлаа. Ер нь Монголд яг ийм үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр ховор байдгийг мэдэх ч яагаад өргөн утгаараа хөгжөөгүйг би өнөөдрийг хүртэл нэг л сайн ойлгохгүй байсан юм. Дөнгөж л арван зургаан нас хүрч яваа өсвөр насны охины хувьд  энэ нь үнэндээ жаахан томдчихсон бодол байх л даа.  Харин оёдолчин эгчтэй ярилцах тусам түүний нэг өдрийнхөө олон цагийг  зориулж, бүхий л хүч хөдөлмөр сэтгэлээ шингээн оёсон эдлэлүүд зах зээл дээр маш багаар үнэлэгддэгийг сонсоод гайхах бас харамсах зэрэгцсэн шүү. Нэг ширхэг морины хучлаганы үнэ ердөө 2000 төгрөгөөр худалдаалагддаг гэдгийг сонсоод би бараг амаа ангайхаас өөр зүйл хийж чадаагүй. Эндээс л яагаад гэдэг асуултынхаа хариултыг үнэндээ олсон юм.  Тэр мөчид “Хэрвээ би ерөнхийлөгч байсан бол Монголынхоо оёдлын үйлдвэрүүдийг дэмжин ажиллаж өргөжүүлэх юмсан” гэсэн мөрөөдөл, бодолд автсанаа эгчид  даанч хэлж зүрхэлсэнгүй.  Гэхдээ ирээдүйд улс орон минь хөгжихийн хэрээр энэ эгч шиг халуун сэтгэлтэй хөдөлмөрч хүмүүсийг дэмжин ажиллаж, тэдний алдар гавьяаг нийгмээрээ мэддэг болно гэдэгт би итгэж байгаа.

Оёдолчин эгч маань гурван хүүхэдтэй, өрх толгойлсон ээж.  Гэтэл түүний сарын цалин маш бага.  Дээрээс нь ажлын байрандаа ганцаараа олон цагаар ажилладаг болохоор ч тэрүү ачаалал их байдаг аж.  Би бас л бодож суулаа. Гурван хүүхдэдээ зориулах цаггүй ажиллана гэдэг ямар хэцүү юм бэ?  Хэрвээ эгч ажлаа хийхгүй бол хүүхдүүд нь яах билээ. Тэгэхээр ажиллахаас өөр аргагүй. Хамгийн сүүлд нь намайг  “Та яагаад ийм их ачаалалтай хэр нь бага цалинтай өдийг хүртэл ажилласан юм бэ” гэж гайхшран асуухад:

“Би бүр сургуульд байхаасаа л оёж хатгах дуртай хүүхэд байсан.  Тиймээс л энэ ажилд орж, өдийг хүртэл шантрахгүй хийсээр ирсэн. Заримдаа хэцүү үе байлгүй л яахав, гэсэн ч ажилдаа дуртай, хайртай болохоор эрч хүчтэй, сэтгэл өөдрөг ажилладаг юм” гэлээ.

  Оёдолчин эгчийн хэлсэн энэ үг намайг бүр ч их гайхшруулсан. Хэцүү, бэрхшээлтэй, шантардаг энэ тэр гээд олон зүйлийг би сонсох байх гэж бодсон. Гэтэл бүр эсрэгээрээ түүнийг ажилдаа ямар их хайртай болохыг сонсоод бүр ч их бахархах сэтгэл төрсөн юм.  Хүн өөрийнхөө дуртай зүйлийг л хийж байвал хамгийн их аз жаргалтай байдаг гэсэн үгийг тэмдэглэлийн дэвтэртээ би бичиж байснаа тэгэхэд санаж, энэ үгийн маш тод жишээ болсон эгэл даруухан эрхэм нандин эмэгтэйтэй уулзаж суугаадаа баярлаж байлаа.

Бидний ярилцлага өндөрлөж, дараа дахин уулзахын ерөөл тавиад би тэр дотно дулаахан инээмсэглэлээр гэрэлтсэн өрөөнөөс гарлаа. Харин амттай яриандаа автаад оёдолчин эгчийнхээ нэрийг асуугаагүйгээ санасан юм. Нүдэнд дулаахан, инээхдээ царай гэрэлтдэг, намхаан эгч байсан ч өндөөр гэгчийн сэтгэл мэдрэгдсэн учир би түүнийг ӨНДӨР АЖАА гэж нэрлэсэн юм.

            Хэдий өсвөр насны жаахан охин ч гэлээ би нийгмийг, хүмүүсийг хардаг бас ажигладаг. Харж ажигласнаа өөрийнхөөрөө бодож тунгааж, буцаагаад бусдад хэлэхийг хүсдэг. Манай Монголын нийгэмд зайлшгүй шаардлагатай хэрэгцээтэй боловч бидний сөрөг хандлагаар доогуур үнэлэгддэг олон мэргэжил бий.  Гэтэл тэр бүх ажлын талбарт хүн бүр ажиллах чадваргүй гэдгийг бид ойлгох ёстой. Бусдын хөдөлмөрийг үнэлж чаддаг, хүндэлж чаддаг хүнийг л би жинхэнэ чадварлаг мэргэжилтэн, манлайлагч гэж хэлнэ.

Бас одоо биш ч ирээдүйд шинэ үеийн, шинэ залуучууд маань эх орноо хөгжин цэцэглүүлээд эдгээр нууцхан алдартнуудын ачийг хариулах болно гэдэгт би итгэдэг.  Бусдын хөдөлмөрийг хүндэлье, үнэлье, бас сайхан харилцъя.

Нийтлэлийг бичсэн: Эрдмийн ундраа" ахлах сургуулийн 12р ангийн сурагч А.Саруул