1045
 
 

ЦӨЛИЙН ГОЛ: Үнэхээр өөрчлөгдье гэх зүрх сэтгэлтэй хүн өөрчлөгддөг

1045

Цөлийн гол ТББ нь анх 2009 онд АНУ-ын иргэн Жон Колерийн Монголын гэр бүлүүдийн сайн сайхны төлөөх сэтгэлийн дуудлагын улмаас үүсгэн байгуулагджээ. Тэд хүн худалдаалагдах гэмт хэргийн хохирогчид, орон гэргүй хүмүүс, биеэ үнэлэлтэд хамааралтай охид эмэгтэйчүүд, тэдний гэр бүл, үр хүүхдүүдийн төлөө ажилладаг. Тийнхүү үйлчлэлээрээ дамжуулан хүнд нөхцөлд буй тэдгээр хүмүүст эрх чөлөөтэй, амьдралдаа сэтгэл хангалуун, нийгэмдээ хариуцлагатай иргэд болоход нь тусалсаар иржээ.
Биеэ үнэлэх явдал нь охид эмэгтэйчүүдийн хүсэж мөрөөдсөн амьдрал биш гэдэг нь ойлгомжтой. Нийгэм тэднийг буруутгадаг ч энэ зам руу халтирч ороход ихэнхдээ хүүхэд насанд нь нөлөөлсөн маш аймшигтай хүнд нөхцөл байдлууд нөлөөлсөн байдгийг бид мэддэггүй.  
Цөлийн гол ТББ Захирал Ө.Бэлэгсайхан “Энэ үйлчлэлд хэн нэгэн хэрэгтэй байсан. Хүнд амьдралыг туулсан ч үнэхээр өөрчлөгдье гэх зүрх сэтгэлтэй тэр хүмүүст очиж туслахгүй л бол тэд нэг байрандаа л үлдэнэ шүү дээ. Тиймээс бид тэдгээр эмэгтэйд хүрч ажиллахаар болсон. Үнэнийг хэлэхэд хүн амархан өөрчлөгдөхгүй. Гаднын нөлөө зайлшгүй хэрэгтэй. Хамгийн гол нь ямар ч хүн итгэл үнэмшлийг хүлээн авснаар өөрчлөгддөг. Бид цогц үйлчлэлээр дамжуулан тэдэнд нөлөөлөх ажил явуулдаг. Зөвхөн сэтгэл зүйн болон оюун санааны хэрэгцээнээс гадна амьдрах ухаанд сургах, эрүүл мэндийг нь анхаарах зэрэгт давхар анхаардаг.” гэсэн юм.
Үйл ажиллагааны чиглэлийн хувьд нэгдүгээрт нөлөөллийн ажил хийдэг. Тэд долоо хоног бүр биеэ үнэлж буй эмэгтэйчүүдтэй танилцах, холбоо тогтоох, зарим нэгийг нь сургалтад урих, амьдралаа өөрчлөх итгэл найдварын талаар хуваалцсанаар, зөв алхам хийхэд нь тусалдаг. Хоёрдугаарт ажлын байр олгодог. Тэднийг нийгэмд тогтвор суурьшилтай, тогтмол цалин орлоготой байлгах үүднээс ажил олгоно. Ингэснээр тэд олон талын чадварт суралцаж, нийгмийн болон эрүүл мэндийн халамж үйлчилгээнд хамрагддаг.
Мөн Цөлийн гол ТББ нь сургалт зөвлөгөө явуулдаг. Төслийнхөө хүрээнд эмэгтэйчүүдэд сэтгэл, зан чанар, санхүү, эрүүл мэнд, харилцааны чиглэлээр сургалт зохион байгуулдаг ажээ. Түүнчлэн “Найдварын гэр” гэх гэр бүлүүдэд зориулсан урт хугацааны хамгаалах байр мөн өдөр өнжүүлэх цэцэрлэг ажиллуулдаг. Цэцэрлэг ажиллуулснаар төслийн гэр бүлийн хүүхдүүдийг эрүүл саруул өсөж торних, сургуулийн өмнөх боловсрол олгох, сурч боловсроход нь тусалдаг юм.
 1045
Итгэл найдварын түүхээс
Анхмаа /нэрийг өөрчилсөн болно/
“Өмнө нь би зовлонгоо мартах гэж архи их уудаг байсан бол одоо зовлон жаргалаа хуваалцдаг ажлын хамт олонтой байгаадаа үнэхээр их баяртай байдаг. Тиймээс ч энд ирсэн минь маш зөв шийдвэр болсон. Өмнө нь  нэг шөнөдөө зогсоод их мөнгө олдог байсан ч идэж уух, өмсөж зүүх, хөлсний байр, такси унаа гэх мэт хэрэггүй зүйлсэд мөнгөө үрдэг байсан. Дээрээс нь өөрийнхөө эрүүл мэнд болон амьдралынхаа хэзээ ч эргүүлж олж авч чадахгүй үнэ цэнэтэй зүйлсээ гаргууд нь гаргаж байснаа ойлгосон. Санхүүгийн сургалтад суусны дараа мөнгөө хэрхэн зохицуулах талаар тодорхой ойлголттой болсон. Эцсийн эцэст жоохон гэлтгүй зөв замаар олсон мөнгө л амттай бөгөөд юм болдог.”
Захирал Ө.Бэлэгсайхан нэмж хэлэхдээ “Байгууллагыг үүсгэн байгуулсан хүмүүс ихэвчлэн итгэгч хүмүүс байдаг тул итгэгч хүнийхээ хувьд энэ ажлыг хийдэг. Тодорхой хэмжээнд библийн ёс зүйг баримталдаг ч шашин сурталчилдаггүй. Үндсэндээ хүн зүрхэндээ Бурхныг хүлээн авч, өөрийнхөө үнэ цэнийг мэдсэн үедээ өөрчлөгддөг. Бурхан хайрлагдаж чадаагүй нэгнийг хайрласан.” хэмээв.