1045
 
 

АРХИГҮЙ БАЯРЫН ШИРЭЭ ЗАСАХЫГ УРИАЛЛАА

1045

Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос /МЭХ/ 2020 оныг Архины эсрэг тэмцлийн жил болгон зарлалаа. Тэд АРХИ ГЭДЭГ ЧИМЭЭГҮЙ ДАЙНТАЙ ЧИМЭЭТЭЙ ДАЙН ЗАРЛАНА гэдгээ мэдэгдсэн.
Монголын эмэгтэйчүүдийн холбооны ес дэх ерөнхийлөгч Б.Оюунгэрэл 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлаасаа радиогийн сонсогчдод хуваалцлаа. Тэрбээр ажлаа хүлээж аваад нэг жил гаруй хугацаа өнгөрөөжээ. МЭХ-ны хамт олон нийгэмд хүчирхийллийн эсрэг хамгийн хүчтэй дуу хоолой болох зорилготой ажиллаж байна.
“Манай хамт олон 2019 оныг Хүчирхийллийн эсрэг жил болгон зарлаж, миний бие 21 аймгаар 32 удаа явж, нийтдээ 20 орчим мянган хүнд лекц тавьж, уулзалт хийлээ. Олон мянган эмэгтэйтэй уулзаж явахдаа цаашид хүүхэд эмэгтэйчүүдийн эрх, ялангуяа эмэгтэйчүүдийн хөгжлийн асуудал, нийгмийг соён гэгээрүүлэх ажлыг далайцтайгаар зохион байгуулах шаардлагатайг ойлгосон. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд Хүчирхийллийн эсрэг чуулган, олон улсын хурал зохион байгуулж, Олон улсын охидын өдрөөр “Хамтдаа хамгаалъя” үндэсний хөдөлгөөн өрнүүлж, хүчирхийлэлтэй холбоотой хуулинд өөрчлөлт оруулах тодорхой санал гаргасан. Харин бид 2020 оныг “Архины эсрэг жил” болгон зарласан Учир нь гэр бүлийн хүчирхийлэл, бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэл архитай хамааралтай байдаг.” хэмээв.

1045
МЭХ нь 2020 онд Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах, архины эсрэг, архины зохисгүй хэрэглээг бууруулах чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх ажлуудыг шат дараатай зохион байгуулах аж.
Үүний эхний алхам нь Архигүй баярын ширээ уриатай АЛУНГОО 2019 оны шилдэг эмэгтэйчүүдийг алдаршуулах ёслол хүндэтгэлийн наадам юм. Архигүй баярын ширээний уриалгад маш олон байгууллага нэгдэж эхлээд байна. Та ч гэсэн өрх гэрээсээ эхлэн архигүй баярын ширээ засаж, хүчирхийлэл, ядуурлыг шалтгаан болсон архийг таслан зогсооход хувь нэмрээ оруулаарай.
АЛУНГОО 2019 наадам Арван хоёрдугаар сарын 21-нд УДЭТ-т болох ажээ. Наадам олон нийтэд нээлттэй. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны фейсбүүк хуудсаар зочлоорой.
Төгсгөлд нь айл болгон, албан байгууллага бүр баярын ширээгээ архигүй засаж, архигүйгээр баяраа тэмдэглэдэг сайхан уламжлалтай болоосой гэдгийг уриалж байна.